dobu.mndobu

У.Хүрэлсүх: Хавдрын хоёрдугаар төв эмнэлгийг яаралтай барихгүй бол 2040 он гэхэд өвчлөл 2 дахин нэмэгдэнэ

У.Хүрэлсүх: Хавдрын хоёрдугаар төв эмнэлгийг яаралтай барихгүй бол 2040 он гэхэд өвчлөл 2 дахин нэмэгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2025.01.06) “Хавдар судлалын үндэсний  хоёрдугаар төв”-ийг барих байршилтай танилцаж шавыг тавилаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд баригдах төвийг  байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ үеэр мөн танилцуулга хийжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдсээр. Тэгэхээр бид энэ эмнэлгийг яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа тооцоо судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Нийтдээ 95000 ам дөрвөлжин метр бүхий талбайтай эмнэлэгт 1500 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллах юм билээ. Хавдрын асуудлаар олон жил явсан судалсан, иргэдийнхээ зовлонг маш сайн мэддэг УИХ-ын гишүүдийг томоохон түлхэц болно гэж үзээд ажлын хэсэгт оруулсан” гэлээ.


Тус эмнэлэг дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэнэ. Ингэхдээ “А” блокт нь хог хаягдал, амбулатори, сургалт судалгаа, хэвтэн эмчлүүлэх тасаг байрлана. Харин “В”хэсэгт ариутгал, амбулатори, дүрс оношилгоо, дуран, мэс засал, лаборатори, оффис байхаар тусгажээ. Мөн “С” блокт хими болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг, “D” блокт туяа эмчилгээ, эмгэг анатоми байхаар зураг төслийг нь гаргасан байна.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна. Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байгааг холбогдох албаныхан хэллээ. Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын  эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.
 

Нийт 600 ортой “Хавдар судлалын үндэсний  хоёрдугаар төв”-ийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бөгөөд 2030 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

2 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.