Зуны тэргүүн сарын Шарагчин гахай өдөр (2023.06.10). “Молор хонгор” уяачдын гал уяа морьдын анхны ёсолгоог Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйлдэж, Төв халхын хөндийд гийнгоон дуу цуурайтууллаа. Эл өдрийн өглөө гэгээ орохтой зэрэгцэн уяаны ажил эхэлжээ. Монголчууд хурдан морь уралдуулж баяр наадам хийдэг нь эрт үеэс уламжлалтай. Ерөөс Монголчуудын түүхийн хамгийн эрт цагт ч уналга ачлага, шуудан харилцаа, дайн тулаан зэрэг бүх зүйлд монгол морь байсаар ирсэн. Нүүдлийн соёл иргэншлийн хамгийн чухалд тооцогдох морины зан үйл, хэрэглээнээс үүссэн эдлэл хэрэглэл өдгөө дэлхий дахинд тархаад буй.

Монголчууд жилийн бусад улиралд морио гаршуулан тэжээж, зуны улиралд баяр наадмын уралдаанд зориулан сойдог. Ингэхдээ зуны эхэн сарын сайн өдөр тухайн наадмын анхны уяа сойлго эхлүүлж ёсолгоо үйлддэг учиртай.  Морин цаг болоход уяаныхаа зүүн дээд талд олбог ширдэг, хивсээ дэвсэж цай, идээ будаагаа зассан байхаас гадна арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг хийнэ.

Морьдоо уяхдаа наран ургах зүг буюу зүүнээсээ азарга, дараа нь их морь, дунд морь, удаа нь бага морь, шүдлэн даага гэхчлэн нас дараалан уях болой.

“Молор Хонгор” галын дөрвөн гэр дунд хүүхэд, эмэгтэйчүүд цай хоол бэлтгэн нааш цааш холхино. Уяачид болон унаач хүүхдүүд харин  цөм уяаны ойролцоо байх бөгөөд уурга сунгаж, бугуйл шиднэ. Тэдний зүгээс адууны хөлс үнэртэж, уяан дээрээс хурдан хүлгүүдийн  янцгаах дуу тод сонсогдоно.Босоо шар туг салхинаа сүржин хийссэн эхний уяанаас цааш дөрвөн эгнээ уяа байх аж. Мөн унаач хүүхдүүд алсуур тойрон морьдоо гишгүүлцгээж байлаа. Уяаны хойно ахимаг настай хэдэн хүн тойрч суугаад хууч хөөрнө. Гаанс нэрэх нь нэрж, зарим нь  хөөрөг үнэрлэхдээ хэн нэгний морины тухай яриа эхлүүлцгээнэ.  Угаас эл өдөр бол уяачдын  хамгийн бэлгэдэлтэй, хүндтэй өдөр гэж тооцдог. Гахай өдөр сонгон ёсолсон нь морьдийн шинж төрх, ивээл өдөртэй холбоотой. Гахай бол сүмбэр уулын оройд хамгийн хурданаас гадна огт цуцаж ядралгүй гарч ирдэг амьтан. Монгол адууг шинжих олон төсөөтэй амьтан байдгаас тухайн уяачдын уламжлал онцлогоос хамаарч өөр өөр өдөр ёсолгоо хийдэг ажээ.

Адуучин залуус өмнөх жилүүдийн явдалаа ярьцгааж, бугуйл шидсэн нэгнээ зарим нь хөгжөөн харж зогсоно. Энэ өдөр бүхэлдээ уяаг хүндэтгэн элдэв үйлийг цээрлэж, амар тайвнаар анхны уяаны ажлыг гүйцэтгэдэг учиртай. Эл галын тухайд арав гаруй залуу уяачдаас бүрджээ.

Гэрээс бэлтгэсэн нэмнээ, тохош зэргийг тэвэрсэн гурван хүүхэд уяа руу зүглэлээ. Тэд зургаан настай гэх ба яриа хэвлүүхэн ухаан санаа ч хэрсүүхэн юм. Тэдний нэг ташуураа ташаа хавиас унжуулаж, гутлынхаа түрүүнд богино хусуур шургуулжээ. Хэзээний уяа сойлгоны ажлын зах зухаас сурч, хожим өөрийгөө уяач болгоход бэлтгэж буй мэт.

Хусуурт шарлаж хуучирсан суран сүлжээс болон богино цэнхэр хадаг зэргийг уяжээ. Үүнээс уламжлагдан ирсэн өв соёл харагдах нь сэтгэлд цаанаасаа л бахдал төрүүлнэ.  Тэднийг тал талаас нэмнээ зэргийг авч ирмэгц хөлслөх морьдыг бэлдлээ. Уяаны тархин зүгээс гурван залуу сундлан босч, унаач хүүхдүүд ч хөлслөх мориндоо мордлоо. Тэд уяаг нар зөв нэг тойроод толгодын цаадах хөндийн зүг зөөлөн алхууллаа.

Тэр зуур хоол цай болж уяачид гэрт орцгоов. Энэ зуурт “Молор хонгор” галын ахлагч Аймгийн алдарт уяач Э.Энхбаяр бидэнтэй хөөрөлдөж, жилийн эхний уяа сойлго сайхан байгааг ярилаа. Тэрбээр, “Яг үнэндээ залуусыг хөдөөд үлдэх ганц шалтгаан нь морь л байна шүү дээ” хэмээн өгүүлнэ. Урьд цагт өвөө нь Монголын анхны манлай уяач болж байжээ. Түүнээс улбаатай энэ өв соёлыг үл таслах хариуцлага хүлээж өдгөөг хүртэл үргэлжлүүлж буй нь энэ аж. Галынхан энэ жилийн баяр наадамд зургаан насны 50 гаруй морьд сойжээ. Уяа сойлгоны хувьд “дээр үеийнхээс ч тэс ондоо болж байгаа”-г ахмадууд хэлнэ. Гэлээ ч эл өдөр саар мууг дурдалгүй өнгөрөөж, гэгээн сайхан бодолтой байх ёстой гэнэ.

Хөлсөлсөн морьд ирлээ. Уяачид яаран босч, хусуур сойтог зэргийг бэлдэнэ. Зоо нуруугаар нь битүү хөлс урсаж, чих нь сортолзсон морьдийг зогсоолгүй тойрон алхуулдаг аж.  Хөлсөнд морины тарга хүч бууж, бие нь тавирч, булчин шөрмөснүүд нь эрчимтэй ачаалалд дасч ирдэг байна. Хөлслөөд ирсэн морь хөрвөөмтгий байдаг нь бие сайхан амарч тавирч байгаагийн тэмдэг. 

Морьд уяаны тархин дээр очин шороон дээр хөрвөөнө. Уяач нь тайван харж зогсох бөгөөд байр байдлыг нь шинжээстэй. Хүүхдүүд буун гэр рүү гүйцгээнэ. Тэд унд цай идэх хооронд, сүүл, хөхөл боох ажлыг уяачид хийнэ. Тэд журмын дагуу жигд цэвэрхэн сайхан орохыг хичээж, ихэд нямбай харагдана. Арав гаруй залуус нийлэн гал болсоны нэг нь залуу уяач У.Баярсайхан. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд нийслэл хотод аж төрдөг. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн мал адгуулан өсгөх, уяж сойх эрдэм ээ гээлгүй авч үлдэх туйлын хүсэлтэй гэлээ. “Сэтгүүлч, нийгмийн соён гэгээрлийн ажлыг хийхийн зэрэгцээ үр хүүхэддээ ч мөн монгол ахуйг таньж мэдүүлэх бичигдээгүй том үүрэг хариуцлага бий болж байна” хэмээн тайлбарлаж байлаа. Түүний уясан морьд аймаг, сумын наадамд тасралтгүй айраг авч, урам зориг дүүрэн байгааг инээмсэглэн ярьж сууна. Энэ жилийн наадамд ч сэтгэл дүүрэн ажилдаа орсон бөгөөд гурван насны морь уясан билээ. 

Ийнхүү хэсэгхэн яриа өрнөх зуурт уяаны хойд талд сан тавих ламын ширээг засаж байв. Лам нь тухайн жилийн засал ном зэргийг дааж, байгаль эхийг аргадах ном уншдаг. Найман гэгээн, Дашзэвэг, Дашдондов болон хариулгын таван ном зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж шавдаг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэдэг ёстой юм.

Уяач, унаач хүүхэд зэрэг цөм алга хавсран сууж арцны утаанд дотроо ариулцгаалаа. Эгэл хөдөөгийн нэгэн дэнж дээр уяачдын хийморь, унаач хүүхдийн хийморь нэгэнтээ сэргэж адууны хөлс салхины үнэртэй холилдон монгол ахуйг аргагүй нэг дүрсэлнэ. Унзад хоолойгоор ном эхлүүлэн хонх дуугарахад, арцны утаагаар уяачид ариулаж, уяан дээрх морьд үүрсэн ижил сүргийн зүг янцгаалдана.

Ийнхүү уяа морьдийн анхны ёсолгоо бүтэн өдрийн турш дэг жаягийн дагуу үргэлжилнэ. Наадмын цаг мөч өдрөөс өдөрт ойртож, хөдөөгийн тал нутагт гийнгоон дуу цуурайтсаар байх ажээ.

А.Сайханбаяр

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу