“SpaceX” компани олон удаа ашиглах зориулалтай “Crew Dragon” сансрын хөлгөө Олон улсын сансрын станц (ОУСС) руу хөөргөжээ. Уг хөлгөөр “Axiom Space” арилжааны хөтөлбөрийн хүрээнд сансрын жуулчид зорчиж буй бөгөөд тус компани энэ үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэв.

“Crew Dragon” хөлгийг Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн 39b хөөргөх цогцолбороос Америкийн зүүн эргийн цагаар Пүрэв гаргийн 16:49 цагт “SpaceX”-ийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ.

Энэ удаа аяллын багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга, NASA-гийн сансрын нисгэгч асан Майкл Лопес-Алегриа, Италийн нисгэгч Уолтер Вилладей, хөтөлбөрийн швед мэргэжилтэн Маркус Вандт, Туркийн сансрын нисгэгч Алпер Гезеравжи нар багтсан байна. А.Гезеравжи ОУСС руу ниссэн Туркийн түүхэн дэх анхны сансрын нисгэгч болжээ.

“Crew Dragon” хөлөг АНУ-ын Зүүн эргийн цагаар Баасан гаргийн 05:13 цагт ОУСС-тай залгагдана. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, Axiom-ын гурав дахь баг (Ax-3) ОУСС-д хоёр долоо хоног орчим хугацаанд байх бөгөөд энэ хугацаанд станцын одоогийн багийнхантай хамтран ажиллах бөгөөд шинжлэх ухааны 30 туршилт хийх юм байна.

“Axiom-1” багийн гишүүн бүрийн нислэгийн зардал 55 сая ам.доллар аж. Цаашид “SpaceX”-тэй байгуулсан гэрээний дагуу “Axiom Space” хөтөлбөрийн хүрээнд сансрын жуулчид оролцсон нислэгийг жилд 2-3 удаа гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: SPACEX, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу