Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн бямба гарагт “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд ажиллажээ.

Энэ өдөр нийт 35 хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношилгооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байна.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд гарын бэлэг хүргэж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томограф, соронзон резонанст томограф буюу MRI оношилгоонд хамруулахаар болжээ.

ГССҮТ-өөс гуравдугаар сарын 30-ны өдөр тохиох “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд  зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох чиглэлээр олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж буй юм.

Энэ дагуу гуравдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажилласан бөгөөд улсын асрамжид байгаа 160 гаруй хүүхдэд үзлэг оношилгоо хийсэн байна.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу