Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон билээ.

Эл мэдээллээс харахад сүүлийн 10 жилийн хугацаанд тус сангаас 1,8 сая иргэн, ААН-д 628.4 тэрбум төгрөгийг олгожээ. 

Үүнээс 122,6 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58,2 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөөгүй аж. Үүний 18,1 тэрбум төгрөгийнх нь эргэн төлөх хугацаа хэтэрч, чанаргүй зээлийн ангилалд оржээ. 

Чанаргүй зээлийн мэдээллээс харахад, 2013 онд ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх зорилгоор хуучнаар Хөдөлмөрийн яам болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хооронд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулж, “Оёдлын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагад 17 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Уг зээлийг 2013 онд багтаан эргэн төлөх нөхцөлтэй байсан боловч 2,5 тэрбумыг нь төлөөд, үлдсэн 14,4 тэрбум төгрөгийн зээлийг одоог хүртэл төлөөгүй. 

Тухайн үед Хөдөлмөрийн сайдаар Ядамсүрэнгийн Санжмятав, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Халтмаагийн Баттулга ажиллаж байв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу