Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооноос санаачлан “Шинэ сэргэлт Чингэлтэй” залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Хөтөлбөрөөр гурав хоногийн турш залуучуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт орж, дүүрэг, орон нутгийн хөгжилд хэрхэн оролцох талаар санал солилцжээ. 

Улмаар хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа нь өнгөрсөн баасан гарагт /2023.06.12/ болж, залуус сертификатаа гардан авсан юм. 

Б.Болортунгалаг: Залуус цахим орчноос л мэдээлэл авдаг тул тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн залуучуудын холбооны тэргүүн Б.Болортунгалаг “Хөтөлбөрөөр дамжуулан залуучууддаа шинэ мэдлэг мэдээлэл олгох зорилгоор Чингэлтэй дүүрэгт бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцууллаа. 

Манай дүүрэг 150 мянга гаруй иргэнтэй. Тэдний 51 мянга нь 16-40 насныхан буюу залуучууд байдаг юм. Эдгээр залуучуудад чиглэсэн хөгжлийн хөтөлбөр шаардлагатай байгаа гэж харж байгаа. Учир нь залуус маань тус тусдаа амьдралтай байдаг тул нийгэм, олон нийтийн ажилд оролцох боломж, бололцоо хомс байдаг. Зөвхөн цахим орчноос л мэдээлэл авдаг. 

Тиймээс дүүрэгтээ хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнах, мөн залуус өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, түүнийг шийдэх гарц, гаргалгааг олох боломж олгохоор энэ хөгжлийн хөтөлбөрийг зохион байгууллаа” гэлээ.  

Ч.Отгонжаргал: Шүүмжлэхээс илүү оролцох нь чухал юм байна

Уг хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн 16-40 орчим насны 100 гаруй залуусыг хамруулжээ. Тэдний нэг болох Ч.Отгонжаргал “Юун түрүүнд ийм хөтөлбөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн удирдлага, залуучуудын холбоондоо талархлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцсан юм. Энэ үеэр онлайн дэлгүүрээ өргөжүүлж, ЖДҮ-ийнхэнтэйгээ хамтран ажиллаж, хүссэн загварын хувцсаа захиалан хийлгэх боломжтой гэдгийг мэдэж авлаа. Заавал гаднаас хувцас захиалахгүйгээр, дүүргийнхээ ЖДҮ эрхлэгчидтэй хамтраад хэн хэндээ ашигтай байдлаар ажиллаж болох юм байна. Мөн гурван өдрийн лекцэнд сууснаар улс төрийн талаар мэдээлэлтэй болж, шүүмжлэхээсээ илүү оролцох хэрэгтэй гэдгийг ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ж.Сүхбаатар: Залуус залгамжилж буй “Шинэ сэргэлт Чингэлтэй” хөтөлбөр клубын зарчмаар цааш үргэлжилнэ

Харин хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Шинэ сэргэлт – Чингэлтэй” залуучуудын хөгжлийн хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн сурагчдын төлөөлөл болон нийгэмд үзэл бодол, үйл хэргээ таниулах хүсэлтэй 16-40 насны 100 орчим залуус нэгдэн клубын зохион байгуулалтад орж, “Шинэ сэргэлт Чингэлтэй” аяныг залгамжлан үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

Чингэлтэй дүүрэгтээ анхлан санаачилсан “Шинэ сэргэлт-Чингэлтэй” аяныг маань залуус дэмжиж, ийнхүү өргөжүүлэн улам олуулаа болж, зорилгыг минь дэлгэрүүлж байгаад миний бие маш их талархаж байна. Залуус залгамжилж буй “Шинэ сэргэлт-Чингэлтэй” хөтөлбөр клубын зарчмаар цааш үргэлжилнэ” гэлээ. 

Түүний хувьд сонгогдсон дүүрэгтээ “Шинэ сэргэлт Чингэлтэй” төслийг санаачлан хэрэгжүүлж, дүүргийнхээ 19 хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай 740 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг улсын төсөвт суулгуулан, олгосон билээ. Үүнээс гадна дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн олон ажлуудыг хийж буй. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу