Бүгд Найрамдах Ирак Улсад стандартын бус “COLD OUT” сироп эм илэрч, энэ талаар 2023 оны долдугаар сарын 10-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад анх мэдээлжээ. 

Улмаар сироп эмийн дээжийг Иракийн зах зээлээс авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад диэтиленгликоль 0.25%, этиленгликоль 2.1% буюу хүлээн зөвшөөрөгдөөгүй хэмжээтэй агуулагдаж байсныг нь тогтоосон байна. Тэдгээрийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 0.10% -иас ихгүй байдаг ажээ. Гэтэл ийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байгаа юм.

Диэтиленгликоль ба Этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хэрэглэснээр хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцийн өөрчлөлт, толгой өвдөх, бөөр гэмтээх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.

COLD OUT сироп нь Парацетамол ба Хлорфенирамины найрлагатай бөгөөд ханиад, харшлын шинж тэмдгийн үед хэрэглэх зориулалтаар гаргадаг ажээ.

Уг бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “FOURRTS LABORATORIES PVT” эмийн үйлдвэрийнх ба БНЭУ-ын DABILIFE PHARMA PVT-д зориулан үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэн.

Одоогоор үйлдвэрлэгч болон зах зээлд гаргагч байгууллага нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг ДЭМБ-д өгөөгүй байна.

Энэхүү сэрэмжлүүлэгт дурьдсан бүтээгдэхүүнийг албан бус зах зээлээр дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй юм. Тиймээс  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Эмийн зохицуулалтын байгууллагууд болон олон нийтэд өгөх зөвлөмж

  • ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулах;  
  • Бүх эмийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн/тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс нийлүүлэгдэх;
  • Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг хэрэглэхийг зогсоох;
  • Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авах;
  • Эмийн зохицуулалтын байгууллага энэхүү стандартын бус бүтээгдэхүүн тус улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй мэдэгдэх;
  • Шингэн тунгийн хэлбэр ялангуяа Пропиленгликоль, Полиэтиленгликоль, сорбитол ба/эсвэл глицерин/глицерол зэрэг туслах бодис агуулсан сироп эм үйлдвэрлэгчдийг тэдгээр туслах бодисуудаа үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө Этиленгликоль, Диэтиленгликоль зэрэг бохирдуулагч бодис байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна.
  • Эмнэлгийн мэргэжилтнүүд эдгээр бохирдсон эмийг хэрэглэсэнтэй холбоотой гаж тохиолдол үүссэн байж магадгүй тохиолдлыг Эмийн зохицуулалтын байгууллагад нэн даруй мэдээлэх 

ДЭМБ-ын сэрэмжлүүлэг №6/2023, стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Бүтээгдэхүүний нэр COLD OUT syrup
Үйлдвэрлэгч FOURRTS (INDIA) LABORATORIES PVT. LTD
Зах зээлд гаргагч байгууллага DABILIFE PHARMA PVT.LTD. Энэтхэг
Цувралын дугаар SE001A02
Хүчинтэй хугацаа 2024.12
Илэрсэн улс орон Бүгд Найрамдах Ирак Улс
Илэрсэн байдал

Дээрх сэрэмжлүүлэгт дурьдсан бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд худалдаалагдаж байгаа тохиолдолд мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ирүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу