Хотын дээвэр хэдийнэ бүрхэг өнждөг болжээ. Нар тонгойхтой зэрэгцээд сэрүү ордог болж, нэвсийсэн шаргал өдрүүд ойртсоор л байна. Энэ бидний цор ганц цаг хугацаан дундах хамгийн сайхан улирал гэдэгтэй маргах юун.
Дурлаж амжаагүй нэгний гундуухан алхаа, дурсамжаа халааслан инээж буцах болзоо, их сургуулийн урдах сандлууд бүгд намрыг л хүлээж байсан гэлтэй. Мэдээж хэн нэгэнд сайхнаар дурсагдаагүй ч байж болох. Гэхдээ уйлаад цэлмэсэн сэтгэл шиг тэнгэр байна гэдэг намрын үзэмжийг улам тодруулдаг.
Гэр хорооллын саарал хашаанууд шиврээ бороонд шалба норчихсон, дээр нь сүрэг болжмор нүдээ анин суухуй. Гандангийн урд гудамжны гантиг чулуу жиндүүхэн харагдсан ч тагтаа нисэн ирэхүй. Намрын олон дүр зураг, зураас, бичвэр, бичлэг хөврөн буй эл өдрүүдийг яруу найргаар чимэн үлдээхээр эмхэтгэв.
Нүднээ тольдох олон өнгө эгшгийг үгсээр буулгасан Монголын яруу найрагчдын намрын тухай шүлгийг хүргэж байна.
Д. Урианхай- Намар
Намар,
Ой шарлах бүрт би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..
Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрт би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрт
Би үхдэг!
Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдлөхөд,
Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!
А.Эрдэнэ-Очир (1972-2018)
Голын тохой дээр
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуу гарган ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.
Б.Ичинхорлоо-Зуун намар
Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар
Л.Өлзийтөгс-Моддын дээр цас орно
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм – цас
Агуу их амьдрал – нулимас
Агуу их үхэл – намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных …
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр…
Б.Эрдэнэсолонго- Намар
Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг
Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад
Саяхан татсан өвсний үнэрт мансууран
Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхрөлдөнө.
Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад
Чилж хүндэрсэн зовхио буулгахад ч тээртэй
Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд
Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод
Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг.
Навчис өндрөөс унаж амиа хорложээ
Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ
Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг
Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана …
Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг.
Г.Сүхзориг
Намрын шувууд
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг…
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй…
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй…
Намайг хайрлах гэж ирдгийг чинь хэн ч мэдэхгүй…
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй…
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй…
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн…
Л.Ганзул (1979-2018)
Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ
Эхлээд чи гараараа алгадсан
Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь
Үгээрээ алгадсан
Сарны гэгээ залгин халамцаж хоноход
Салхиараа алгадсан
Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь
Сургаараа алгадсан
Хачин их саначихаад хавраар зочлоход минь
Харцаараа алгадсан
Намрын дунд сарын билэгт өдөр харин
Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан
Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө
Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи
Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо
Шаналан туучин ирдэг жаргал болсон чи
Дэндүү ариун хайрыг минь чи
Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол
Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж
Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ
Чамд би гомдох эрхгүй…
Ц.Дэлгэрмаа-Намрын тухай шүлэг
Би намарт уусна
Биеэ гээж аниргүй болно
Нүдээ би тэнгэрт өгнө
Нүүх үүлс гуниг минь болно
Зүрхээ би навчинд өгнө
Зүүдэндээ л харин хавар болно
Хүйтэн салхины аясаар газарт тэмүүлж
Хөл дор чинь би зүрхээ дэвсэнэ.
Намар надад уйтай санагддаг ч
Би яагаад ч юм түүнээс зугтдаггүй
Намар надад гэрэл бэлэглэдэг ч
Би юунд ч юм түүнд талархдаггүй
Гунигийн бороо, бүдэгхэн нар
Гудамж, модод, навчис нь цөм
Нулимст уйтгар … уйтгарт нулимс
Нууцхан догдлол, шүлэг илгээдэг.
Намар надад үзэсгэлэн нэмдэг ч
Намрын намарт би дотроо гунддаг
Намар надад хайр авчирдаг ч
Надад зүрхний энэлэн болж үлддэг
Намрыг би танин яддаг ч
Навчин нулимстай шаналанг мэдэрдэг
Намрыг би үзэн яддаг ч
Намар болохыг л дандаа хүлээдэг.
Мөдхөн дөө, би намарт уусна
Мөрөөдөл минь тэгж биелнэ
Мөнх гэж хаа ч байдаггүйг
Мөчир нахиа л үүнийг мэддэгийг
Хэн нэгэнд хэлэхийн тулд
Хэмгүй гунигтай өөрийгөө ч гээж
Хүйтэн хөндий, хачин зэврүүн ч
Хүслийг минь соронзодсон
Тэр намарт уусна …
Тэгээд зөвхөн
Тэвчин хүлээх л надад үлдлээ…
Э.БҮЖИНЛХАМ
Модон завь шиг дүртэй бүүдгэр гэгээт навчтай
Найман сарын гуниг сэлүүрдсээр
Намрын зүг гэртээ харним би…
Сагсандаа ямар ч олзгүй буцах загасчин эр шиг
Сар ч халаасанд үгүй, эрвээхэйн цогцос л номын завсар
Эндхийн зун ийм тод өнгөтэйг хэн мэдэх вэ?
Эндээс би шүлэг ч үгүй буцаж л явна даа…
Нарнаас зүүгдсэн шувуудын дэвэлт шиг намар минь
Хайр минь, халуун илчит бүдэгхэн минь
Хэчнээн ч жигүүртэн гэрэлд урваж
Моддын мөчрөөс нислээ ч
Хэзээд ч чиний энхрийлэлд
Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь…
Ай намар минь, амраг минь.
А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу