Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхнарангаас волейболын эргэн тойронд олны шүүмжлэл дагуулаад буй асуудлуудаар тодрууллаа. 

“Улаанбаатар – 2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас манай өсвөрийн шигшээ багийн охид мөнгөн медаль хүртсэн билээ. Алтын төлөө БНХАУ-ын багтай тоглохын өмнө манай охид нэгэн зэрэг давуулалт хийж буй бичлэг олны шүүмжлэл дагуулаад буй. (Бичлэгийг энд дарж харна уу.)

Мөн Вьетнамын хэвлэлүүдээр “Вьетнамд болох “VTV сup” тэмцээнд Монголын баг зардалгүйн улмаас оролцож чадахгүй гэж мэдэгдлээ. Тэмцээний зохион байгуулагчдаас зочид буудлын байр, хоолны дэмжлэг үзүүлнэ гэсэн ч онгоцны тийзний зардалгүй гэжээ” гэх агуулгатай нийтлэл гаргасан аж. (Энэ тухай энд дарж харна уу.)


-Өчигдөр Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолт эхлэхийн өмнө Монголын тамирчид Хятадын тамирчдын өөдөөс нэгэн зэрэг давуулалт хийсэн байна. Үүнийг та мэдсэн үү?

-Мэдсэн. Халаалт дууссаны дараагаар ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй хэрэг. Энэ тэмцээнд оролцсон тамирчид насанд хүрээгүй учир холбооноос ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох боломжгүй. Гэхдээ дараагийн удаа ийм үйлдэл гаргаж болохгүй гэж сануулна. Цаашдаа анхаарах болно. 

-“Volleytrails” гэх гадаадын фэйсбүүк хуудаст Монголын баг “VTV cup” тэмцээнд ирэх байсан боловч санхүүгийн асуудал гарсан учир тэмцээнд оролцохоос татгалзлаа гэх агуулгатай мэдээлэл нийтэлсэн байсан. Энэ ямар учиртай вэ?

-VTV cup гэх тэмцээний зохион байгуулагчдаас манай тэмцээнд оролцооч гэх хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Бид ч хүлээн зөвшөөрч, оролцох талаараа хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа “Тэмцээнд оролцох багуудын тоо гүйцчихлээ. Танай багийг оролцуулах боломжгүй боллоо” гэж хэлсэн. Тиймээс бид оролцохгүй гэж шийдээд бусад ажлаа төлөвлөж байсан юм. Гэтэл эргээд оролцох хүсэлт тавьсан юм. Тэгэхээр нь бид боломжгүй гэж хэлсэн. 

Яагаад боломжгүй вэ гэхэд нь санхүүгийн бололцоогүй байна гэж хэлсэн нь үнэн. Учир нь энэ “VTV cup” гэх тэмцээн манай төлөвлөгөөт тэмцээн биш. Монголын волейболын холбоо бол Азийн волейболын холбооны харьяа байгууллага. Эндээс гарах хуваарьт тэмцээн гэж бий. Тэр хуваарьт тэмцээнд “VTV cup” гэж байхгүй. Тиймээс гэнэтийн, төлөвлөгөөний бус зардал гаргахгүй байхаар шийдсэн юм.

-Ер нь гадагшаа тэмцээнд явахад санхүүгийн тал дээр хэр хүндрэлтэй байдаг вэ. Багийн спорт учраас нэг удаад гэхэд дор хаяж 15 орчим хүн явах байх?

-Тийм. Манай нэг баг нэг тэмцээнд явахад багадаа 16-18 хүн явдаг.

Манай эмэгтэй шигшээ баг энэ жил түүхэндээ анх удаа олон улсын чанартай дөрвөн тэмцээнд оролцож байгаа. Эрэгтэй шигшээ баг таван тэмцээнд оролцож байна. Үүнээс одоогоор эрэгтэй баг гурав, эмэгтэй баг гурав өсвөрийн баг хоёр гээд нийт гаднын найман тэмцээнд оролцсон. Энэ бүгддээ бид өөрсдөө зардлаа гаргаад явсан.

Мөн энэ жилийн тэмцээнүүд манайхаас нэлээд хол улсад зохиогдож байгаа учраас бид бүгдэд нь дамжин өнгөрөх нислэг хийсэн. Тэгэхээр нэг хүнд л гэхэд 5-7 сая төгрөгийн зардал гарсан. Үүн дээр нэмээд хоолны мөнгө, нислэг хооронд олон цагийн зайтай бол хонох буудлын мөнгө гээд асуудал их бий. 

Энэ сарын сүүлээр эмэгтэй баг маань Тайланд руу тэмцээнд явах гэж байна. Есдүгээр сарын сүүлээр эрэгтэй, эмэгтэй хоёр баг маань хоёулаа Азийн наадамд явах гэж байна. Зардлын мөнгөө бид өөрсдөө гаргаад явна.

-Улсаас ямар ч дэмжлэг үзүүлдэггүй юм уу?

-Үгүй. Юу ч байхгүй.

-Энэ жил оролцсон найман тэмцээнийхээ зардлыг хаанаас, яаж гаргасан юм бэ. Өөрсдөө гэхээр юу гэсэн үг үү?

-Маркетинг, хандив тусламжаар л босгож байна.  Хүмүүс биднийг тамирчдаа дэмжихгүй байна. Төлбөрийн чадамжгүй учир тэмцээнд яваагүй гэнэ гээд л шүүмжилж байна. Яг үнэндээ өөрсдөө тусалъя, дэмжье гэж ирдэггүй. Тийм хүмүүс их ховор байдаг. Монголын волейболын холбоотой хамтарч ажиллах хүн байвал бүх хүнд нээлттэй. Хамтарч ажилламаар байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу