Цахим орчин бидний амьдралд зайлшгүй байх ёстой хэрэгцээний нэг болоод удаж байна. Анхандаа зөвхөн хол буй нэгэнтэйгээ холбогдох цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хэмнэсэн ашигтай технологи байсан ч өнөө цагт бидний амьдрах баталгаа болжээ. Хэдхэн жилийн өмнөөс инфлүүнсэр, контент бүтээгч хэмээх ойлголтууд хүчээ авсан. Үүнийг манай улсын залуус гэлтгүй дэлхий даяараа даган дуурайж байна.

Ажлын байрны цоо шинэ салбарууд үүсэж, олон контент бүтээгч гарч ирсэн. Зохистой хооллолт, аяллын тэмдэглэл, шинжлэх ухааны талаар, эсвэл хөгжилтэй дүрс, видео бүтээгч нар төрөн гарсаар. Үүнийг дагаад цахим орчинд олны танил болох санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх гээд янз бүрийн зорилготой хүмүүс гарч ирсээр…

Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2023 онд 3.1 саяд хүрч 4.5 дахин нэмэгдсэн судалгаа байна. Харин фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим хэрэглээ хэрхэн өргөжсөнийг харуулж байна. Үүнийг даган хөгшин, залуу гэлтгүй цахим орчны томоохон нөлөөлөгч болохыг хүсдэг болжээ.

Энэ салбар яагаад ингэж хурдацтай хөгжих болов. Инфлүүсэрүүд олон нийтэд шууд нөлөөлж байна. Олон дагагчийнхаа ачаар аливаа нэг байгууллагатай гэрээ хийж, үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлан хөлжиж байна. Учир нь өнөөдөр телевизийн нэг минутын зар сурталчилгаанд бараагаа сурталчилснаас 100 мянга гаруй дагагчтай сошиал хаягтай хэн нэгнээр дамжуулан сурталчилсан нь хамаагүй ашигтай мөн хүртээмжтэй аж.

Хамгийн гол нь энэ салбар ашигтай өрсөлдөөн ихтэй. Мөн цойлж гарч ирэх гэсэн хүмүүс маш олон. Зарим нь илүү бүтээлч байдлаар контент бүтээж байна. Харин зарим нь хандалт дагагчаа нэмэхийн тулд юу ч хийхээс буцахгүй аж.

Гэтэл энэ салбарт өндөр хандалт авах боломжтой контент бүтээгч нар нь бяцхан хүүхдүүд аж. Энэ нь манай улсад мэр сэр ажиглагдаад буй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжилтэй яриа, хайр татам зургийг хувийн цахим хуудсандаа нийтлэх нь хэвийн үзэгдэл. Гэвч хүүхдийнхээ нэр дээр хаяг нээн, тэдний зураг бичлэгийг байршуулан, өөрсдөө тус хаягийг хөтлөх үзэгдэл эрчээ авсаар байна. Фэйсбүүк инстаграм болон тик ток платформууд 13-аас дээш насны хүүхэд ашиглах журамтай байдаг.

Хэдхэн жилийн өмнө хүйтэнд даарч хөрөн, дуу дуулж хажуугаар өнгөрөх олноос гуйлга гуйх хүүхдүүд олон байсан. Тэдний олсон мөнгийг аав, ээж нь эсвэл томчууд ирээд авчихдаг. Товчхондоо хүүхдээр гуйлга гуйлгаж, мөнгө олдог үзэгдэл нийгмийг нөмрөөд байсан. Үүнтэй ижил илүү ухаалаг зарчим бий болоод буй.

Таван настай хүүхдийн хайр татам бичлэг хүн болгоны хувьд эерэг санагдана. Мөн өндөр хандалттай байдаг. Хэн ч тэр бяцхан хүүхдийг доромжилж, дооглож тохуурхахгүй. Манайх шиг ёс суртахуунгүй цахим хэрэглээтэй улсад тэд хамгийн эерэгээр нөлөөлөгч, сошиал од болох бүрэн боломжтой.

Бие хүний төлөвшил нь бүрдээгүй бага насны хүүхэд өөртөө хаяг нээж, дагагчдаа уриалан, янз бүрийн брэнд сурталчлах нь юу л бол. Үүний ард тэдний асран хамгаалагч нар бий.

Асран хамгаалагч гэдэг нь насанд хүрээгүй хүүхэд болон шаардлагатай бусад этгээдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоох нь тэдний хувийн болон эд хөрөнгийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, мөн амьдрах, өсөж хүмүүжих, боловсрол эзэмших нөхцөлийг хангах зорилготой байдаг.

Гэтэл эцэг эхчүүд “Сошиал од” болох дондоо хөтлөгдөн, тэднийг аюул руу түлхэж байна. Бид цахим орчинд хагалгааны зардал нэн шаардлагатай гэх хандивын данс байршуулсан олон нийтлэлтэй таарч байсан. Гэвч 70 хувь нь хуурамч хаягуудаас хэн нэг хүүхдийн зургийг ашигласан, эсвэл хандив хүссэн иргэдийн дансыг өөрчлөн залилдаг.

Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд насанд хүрээгүй хүүхдийн зураг, бичлэг зэрэг хувийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй байхыг уриалдаг. Цаашлаад хэрвээ эцэг, эхчүүд зургийг нь цахим ертөнцөд нийтлэхийг хүсвэл тэдэнтэй сайтар ярилцаж, тэднээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Ингэснээр та хүүхдэдээ бие даан шийдвэр гаргах чадвар суулгахаас гадна ирээдүйд түүнийг цахим орчин дахь хохирогч болгох аюулаас сэргийлдэг аж.

Өнөө цагт хүүхдийг аюулгүй өсөж торниулахын тулд анхдагч хэрэгцээг хангасан байх шаардлагатайн адил тэднийг мөн цахим халдлагад өртөхөөс сэргийлэх ёстой билээ.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу