DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргалыг онцолж байна.

Догшин хутагтын нутагт сүүлийн найман жил МАН засаглаж байна. УИХ, орон нутгийн сонгуулийн аль алинд нь үнэмлэхүй ялж тугаа хатгасан. 2020 оны сонгуульд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Засаг дарга Т.Энхтүвшингээ хөтөлж парламентын босго алхуулснаар Очирпүрэвийн Батжаргал Дорноговийг эрхшээх “догшин” Засаг дарга болсон юм.

О.Батжаргал Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн зөвлөхөөр ажилласан ажлын туршлагатай.

Төрийн захиргааны албан тушаалд ажилласан туршлага бараг үгүй. 2009 оны дөрөвдүгээр дүгээр сарын 15-ны өдрөөс Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр багахан хугацаанд ажилласан байдаг.

Улаанбаатарт ажиллаж байсан түүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт аваачиж, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс Дорноговь аймгийн Засаг даргаар томилуулав. Парламент дотор “Дэлхий даахгүй баян” хэмээн хошигнодог Б.Дэлгэрсайханы компанийн хуулийн асуудлыг ерөнхийд нь хариуцаж байгаад Засаг дарга болсон талаар нутгийнхан нь ярьдаг. 

Төрийн албанд ажиллаж байгаагүй болохоор тэдний жаргал, зовлонг мэдэх нь бүү хэл гадарладаггүй нөхөр гэхэд болно. Товчхондоо Б.Дэлгэрсайхан гишүүний “утсан хүүхэлдэй”, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нэгэн.

Аймгийн Засаг даргын тамгын газар болон аймгийн хэмжээний төрийн албаны бүх томилгоо Б.Дэлгэрсайханы дохиогоор явдаг. О.Батжаргал дарга дур мэдэн томилгоо хийж байсан удаа байхгүй юм билээ. Ямар сайндаа аймгийн Соёл урлагийн газрын даргаа томилох гээд Б.Дэлгэрсайханаа хүлээж сууж байх вэ. “Гишүүн нэг юм хэлэх байх. Хүлээж бай” хэмээн хээв нэг хэлээд сууж байдаг анхны Засаг дарга тэр болох биз.

Б.Дэлгэрсайхан Алтанширээгийн У.Ганбаатар гэх залууг аавынх нь гуйлтаар Соёл урлагийн газрын даргаар томилж байсан талаар явган яриа бий. Гишүүнээ ингэж л хүндэтгэж, бүх үгийг нь газар гээлгүй дагаж явдаг хүн юм.

Засаг дарга О.Батжаргал “Дорноговь-Их хөгжил сан”-гийн тэргүүнээр ажилладаг. Б.Дэлгэрсайхан түүнийн сангийн тэргүүнээр томилчихоод аймагт нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нөхдийг дуудаж, “Манай санд мөнгө хийхгүй бол орон нутаг үйл ажиллагааг нь явуулахгүй, эрхийг нь цуцална” хэмээн дарамталж байгаад бүгдээс нь сандаа мөнгө татсан гэх юм билээ.

“Бадрах энержи” гэхэд 500 сая төгрөг өгснөөс эхлээд олон компани санд хөрөнгө төвлөрүүлсэн талаар яригддаг. Гэсэн ч мөнгөний зарцуулалтынхаа тайланг тавиагүй гэдэг юм билээ. ИТХ нь тайлангаа тавихын шаардсан одоог хүртэл тайлагнаагүй аж.

О.Батжаргал “Юнайтэд партнерс лоу фирм ХХН Нөхөрлөл”-д хувьцаа эзэмшдэг. Өнгөрөгч онд түүний орлого 186 сая, энэ онд 58 сая төгрөг болж буурсан талаар Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 11 саяас 17 сая төгрөг болж нэмэгдсэн. 292 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, хоёр авто зогсоолтой. 266 сая төгрөгөөр үнэлэгдэх “Ниссан партол” автомашинтай гэжээ.

Тэрбээр 94 адуугаа 252 сая төгрөгөөр үнэлсэн бол 44 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 43 сая төгрөгтэй, 98 сая төгрөгийн авлагатай. 96 сая төгрөгийн зээлтэй юм байна. Түүнд хамаарах хоёр тусгай зөвшөөрөл бий.

Төрийн албаны туршлагагүй, шууд шийдвэр гаргах эрх мэдэлгүй, нэг хүнээс шууд хамааралтай нэг Засаг даргын товч түүх энэ хүрээд өндөрлөж байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу