Дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг ер бусын сонин үзэгдэл болох туйлын туяа Монголд үзэгджээ. Тодруулбал, өнгөрөгч Ням гарагт Украин, Болгар, АНУ, Ирланд, Их Британи, ОХУ-ын зарим хэсэгт улаан, ягаан өнгийн туйлын туяа үзэгдсэн байна.

Монгол Улсын зарим хэсэгт харагдсан гэх мэдээлэл гарсан ч зарим хүн үзэгдэх боломжгүй хэмээж буй тул бид мэдээллийн үнэн эсэхийг тодруулах үүднээс туйлын туяа харсан, Дархан-Уул аймгийн иргэн Б.Баяндэлгэрсүрэнтэй холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр туйлын туяа харж, гар утсаараа зургийг нь даржээ. 

-Танай нутагт туйлын туяа үзэгдсэн гэсэн. Та хэзээ харсан бэ?

-Энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө 01 цагийн үед би бие засахаар гарсан юм. Гэтэл тэнгэр сонин өнгөтэй болчихсон байгааг хараад гайхсан. Манай гэрийнхэн унтаж байсан болохоор дуудаж харуулж чадаагүй. Утсаараа зургийг нь дарж, харж зогсож байгаад, алга болохоор нь гэртээ орсон. 

-Туйлын туяа хэр удаан үзэгдсэн бэ?

-10 орчим минут болсон. Сарниад алга болчихдог юм билээ. 

-Хэр гэрэлтэй болсон бэ?

-Тэр шөнө сарны гэрэл бага, харанхуй байсан. Туйлын туяа гарахад нэлээн гэрэлтэй болсон.



Туйлын туяа буюу Аврора гэж юу вэ?

Эртний Грекийн домогт гардаг үүрийн туяаны охин тэнгэрийг Аврора хэмээдэг байжээ. Тиймээс туйлын туяаг “Аврора” гэх болсон аж. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи дэлхий болон бусад гаригуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Нарны толбууд тэсрэх үзэгдэл буюу нарны салхи дэлхийн соронзон оронтой тодорхой цаг хугацааны давтамжтайгаар мөргөлдсөнөөр тэнгэрт туйлын гэрэл харагддаг байна.

Туйлын туяа нь хэр өндөрт үүсэж байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй харагддаг байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу