Нэгэн цагт бид өвөрлөгч ахан дүүсээс ичиж эмээх хэмжээнд бичгийн соёлоо бүдгэрүүлж байсан гэхэд хилсдэхгүй. Азаар өнөөдөр эх орны өнцөг булан бүрд монгол бичгийн эрдэм цэцэглэсээр буй нь сайшаалтай.

Монгол Улс “2025 он гэхэд хос бичигт шилжинэ” хэмээн хуульчилсан. Боловсон хүчин бэлтгэх бүх шатны байгууллагууд монгол бичгийн мэдлэгийг тодорхой түвшинд эзэмшүүлэхээр хичээж буй юм.

Энэ бүхний нэгэн жишээ болгож, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Сэлэнгэмөрөнтэй ярилцсанаа хүргэж байна.

Тэрбээр өөрийн нутаг орондоо монгол бичгийн хичээлийг сурагчдад заахаас гадна бүх насныханд бийрэн бичлэгийн сургалт явуулдаг юм.

-Сайхан өвөлжиж байна уу? Юуны өмнө яагаад бийрэн бичлэг сонирхож, бүтээл туурвих болсон тухайгаа ярихгүй юу?

Бийрэн бичлэгээс тайван амгалан байдлыг мэдэрдэг. Өөрийн улс орныхоо бичгийн соёлыг бусад улс орныхонд болон үр хүүхдэдээ, дүү нартаа өвлүүлэн үлдээх зорилгоор суралцаж эхэлсэн.

Би Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, уран зохиол, бичгийн багшийн ангид 2017-2021 оны хооронд суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа өөрийн бичлэгийн ур чадвараа хөгжүүлэх зорилгоор уран бичээч Л.Жумдаан багшийн удирдлага дор бийрэн бичлэгийн сургалтад анх хамрагдаж байлаа.

Мэдээж монгол хэлний багш гэдэг олон төрлийн мэдлэг чадвар эзэмшсэн байх шаардлагатай. Тэр тусмаа хуучин монгол бичгийг өөриймшүүлж, бусдад түгээх нь яах аргагүй багш хүний хийх ажил. Үүнийг өөрийн болгож, бусдад түгээж чадвал өв соёлоо хадгалж үлдэх нэгэн том үйл хэрэг хийлээ гэж бодох байх. Ингээд л суралцаж эхэлсэн цагаасаа бийрэн бичлэгийн төрөлд илүү татагдаж, өөрийгөө сайжруулан суралцаж байна.

-Уралдаан, тэмцээнд хэр их оролцдог вэ? Сүүлийн үед ямар бүтээл, сургалт, ажил амжуулав?

-Булган аймгийн Хялганат тосгоны дунд сургуульд анх багшаар ажиллаж эхэлсэн даруйдаа сурагчдад сургалтаа орж эхэлсэн. Одоо ч мөн ажиллаж байгаа сургуульдаа сургалтаа явуулсаар байна. Уралдаан тэмцээний хувьд аймгийн нийт төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” тэмцээний багшийн бүтээлийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Одоогоор “Монголын сайхан бичигтэн-2024” тэмцээнд бэлдэж байна. Залуу багшийн хувьд ажил нэлээн шахуу байдаг учраас тэмцээн, уралдаанд орж чаддаггүй. Аль болох сурагчдаа бэлтгэж оролцуулахад анхаарч ажиллаж байна. Сурагчдынхаа амжилтаар бахархах тэр үедээ л өөрийнхөө юу зааж сургаснаа харах байх.

-Монгол бичгийг бид яагаад сурах ёстой вэ?

-Үндэстнийг тодорхойлогч гол үзүүлэлтүүдийн нэг бол хэл бичиг мөн. Монгол үндэстнийг нотлох гол баталгаа гагцхүү үндэсний бичиг. Тиймээс монгол хүмүүн бүр үндэсний бичгээ заавал сурах ёстой.

-Дан ганц бүтээл туурвихаас гадна түгээндэлгэрүүлж, бусдад хуваалцана гэдэг сайхан зүйл. Хичээнгүйлэн сурч байгаа шавь нараасаа та юу олж хардаг вэ?

-Ажил амьдралынхаа гарааг өөрийн өсөж төрсөн, төгссөн сургуулиасаа эхэлж байлаа. Хүүхэд байхдаа сургуульдаа багш болж ирээд, заавал өөрийн сурч мэдсэнээ залгамж ирээдүй болсон дүү нартаа зааж өгнө гэж боддог байсан. Учир нь, хөдөөгийн хүүхдүүд дугуйлан секц явуулахад хичээллэх байр, сургалтын хэрэглэгдэхүүн, удирдах багш байхгүйгээс хөгжлөөс маш их хоцордог юм шиг санагддаг . Тийм ч учраас дүү нартаа бийрэн бичгийн дугуйлангаа орж эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдүүд ихэд сонирхож, дугуйлан орох өдрөө тэсэн ядан хүлээдэг болсон. Дугуйлангийн үр дүнд хүүхэд бүр уран бичигтэн болох албагүй ч бүгд өөрийн гэсэн зорилго мөрөөдөлтэй болж байгаагаас би их урам авдаг.

-Орон нутагт дугуйлан сургалт явуулахад хүндрэлтэй зүйл юу байна вэ? Таны ойрын зорилго гэвэл?

-Дугуйлан явуулахад зориулалтын хичээллэх дулаан байр дутмагаас болж хааяа орохгүй байх тохиолдол гардаг. Гэхдээ хүүхдүүд минь дугуйлангаа л орж байвал багшаа хаана ч болно оо гээд инээгээд л хүлээж байх нь сайхан даа. Магад энэ л гэгээхэн хүүхдийн хүсэл мөрөөдөл дүүрэн харц, инээмсэглэлийг мэдрэх гэж би багш болсон байх.

Ойрын зорилго гэвэл би өөрөө мэргэжлийн онцлог болон сонирхлынхоо дагуу ном унших их дуртай. Тэр дундаа уран зохиолын ном. Сонирхлоо мэргэжлийн онцлогтойгоо хослуулаад, бяцхан номын сантай болохыг зорьж байна. Тэр номын санд давхар дугуйлангаа явуулаад, бусад цагаар бага ангийн хүүхдүүдэд ном уншиж өгч, өөрсдөөр нь яриулах гэх мэт хүүхдүүдээ л хөгжүүлэх бяцхан номын санг нээнэ дээ.

-Орон нутагтаа хийж үлдээх юмсан, хүүхдүүддээ зааж сургахсан гэж боддог зүйл бий юу?

-Хүүхэд бүхэн л эх хэлээ эрхэмлэн дээдэлдэг, хүндэлдэг тийм сэтгэлгээтэй зөв монгол хүүхдийг төгсгөхийг хүсдэг дээ. “Эх хэлнийхээ үг бүрийг Эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай” гэж Ардын багш Шаравын Чоймаа багш минь хэлж үлдээсэн байдаг. Энэ л үгийг дэлхийн чинээ мэдлэг боловсрол эзэмшиж явахдаа ч санаж яваарай гэж хүүхдүүддээ хэлдэг болсон доо. Цаашдаа хүүхэд бүрийг монгол бичгээрээ алдаа мадаггүй бичиж, уншиж хэрэглэдэг болгохын төлөө ажилласаар л байна.

Зөв сэтгэхүйтэй, зөв монгол ирээдүйг бүтээсэн байхад мянган чулуун хөшөө босгож үлдээхээс илүү гэж л санадаг. Алс хэтийн мөрөөдөл минь удахгүй биелэх байх аа.

-Танд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу