“Миний бие дүр нас өндөр, бие чилээрхүү болжээ. Иймд амьтны тусыг төдийлөн сайн үйлдэж чадсангүй. Миний дараагийн X дүр Монгол орондоо Монгол хүн болж, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” хэмээн IX Богд Жавзундамба айлдсан. Түүний хойд төрлийн талаар ч Далай лам батлан хэлсэн юм. 2016 онд Далай лам Монгол Улсад айлчлан сэтгүүлчидтэй уулзах үедээ “IX Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрч байна. Их жаахан хүүхэд болохоор нийтэд ил тодорхой зарлах шаардлагагүй болов уу. Гурав, дөрвөн нас хүрэхийн алдад тухайн үед бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтий суудал дээр залаад, адис жанлав хүртэх хэцүү. Тэгэхээр алгуур, том болоод, ном эрдэмд төгс гэгээрч, шашин амьтны тусыг хийвэл үнэхээр агуу тус гарах юм” хэмээсэн байдаг. Үүнээс хойш X Богдын хойд дүрийг нэрлэх, зарлах асуудал үе үе яригдсаар өдий хүрсэн. Тэгвэл туулай жилийн шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулж, залсан байна.

Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг. Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхны хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэсэн билээ.

Тэгвэл уншигчиддаа сонирхуулах үүднээс Богдуудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Богд Живзундамба хутагт I

Занабазар буюу Лувсандамбийжанцан /1635-1723 он/

Өндөр гэгээн Занабазар нь 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн ууган хөвгүүн болж, түүний ойрад хатан Ханджамцаас одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Ишдорж нэртэйгээр мэндэлжээ. 

Занабазарыг таван настай байхад нь анхдугаар Богд Живзундамба хутагтын ширээнд залж, Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэрбээр бага наснаасаа Бурханы шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж, улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орсон байна.

Занабазар шашны таван их ухааныг заалган, тус эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан аж. Түүний Занабазар хэмээх алдар нь цэцэн билэг- (жнана), аянгат- (важра) гэсэн утгатай Санскрит гаралтай үг юм. Тэрбээр 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ. Шарил нь Амарбаясгалант хийдэд хадгалагдаж байсныг 1930-аад оны самуунаар “ногоон малгай”-тнууд гаргаж хаясныг нутгийн иргэд Бүрэн хаан ууланд нутаглуулсан ажээ.

Богд Живзундамба хутагт II

Лувсандамбийдонмэ /1724-1757 он/

Хоёрдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Лувсандамбийдонмэ бээр 1724 оны луу жил Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар эцэг Эфү чин ван Дондовдоржийн хүү болж мэндэлжээ. Түүнийг дөрвөн настайд нь Банчин Богд Лувсан-Иш Халхын хоёрдугаар Богдоор тодруулж зургаан настайд нь ширээнд залав. Тэрээр 1739 онд их амгалан нууц тарнийн Жүд дацан, 1756 онд хоёрдугаар Гоман хэмээгдэх гүн ухааны Дашчойнпэл дацанг тус тус байгуулжээ.

“Богд Лувсандамбийдонмэй хэмээхийн хувилгаан тодорсон нь хойд зүгийн дунд Халхын их орон зүүн аймгийн Хүй мандал хэмээх газарт газрыг тэтгэгч Чингис тэнгэр угсаатай хааны язгуур удам дархан чин ван Дондовдорж хийгээд хатан Хандын алдар лугаа төгссөн хоёрын хөвгүүн болон модон эр луу жил (1724 онд) мэндэлсэн. Богд мэндлэхийн цагт солонго гэрэл таван зүйлийн хүрээ гэр барьсан мэт хийгээд сайхан үнэр ханхлах тэргүүтэн гайхамшгийн яруу болсон хэмээхийг сонссон.Түүнээс Далай лам, Банчин богд тэргүүтэн богд нар айлтгасанд Жавзандамбын хувилгаан хэмээн тодорхойлжээ. Богдыг таван настайд Дүйнхор Манзушрийн хувилгаан тавдугаар Наваанлувсандамбидомэ ёнзинд залж ирснээс гэнэнгийн санваар авсан бөгөөд Лувсандамбийдомэ хэмээх алдар өргөжээ. Манжийн хаан Живзундамба хутагтад зориулж сангийн зардлаар 1727-1736 онд Амарбаясгалант хийдийг бариулжээ. 

Манж нар, халхууд II Богдыг тойрон хүрээлж, нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрбээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ.\

Богд Живзундамба хутагт III

Ишдамбийням /1758-1773 он/

Номын нэр нь Ишдамбийням бөгөөд 1758 онд Төвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэр бүлд мэндэлжээ. Манжийн төр II Богдоос хойшхи хутагтуудыг Төвдөөс тодруулж байх зарлиг гаргажээ. III Богдыг  IY Банчин-Эрдэнэ тодруулан залж, Литанд хүрэлцэн очсон ч төвдүүд III Богдыг нууж, гаргаж өгөхгүй байжээ. Тэр үед аваачихаар очсон Шижирбаатар тэргүүтэй хүмүүс тодорсон хүүхдийг шинж тэмдгээр нь таниад булааж аван зугтаж ирсэн ажээ.

Үүнийг эсэргүүцсэн монголчууд Богдын хойд дүрийг тодруулахыг оролдон долоон хүүхдийг товлосон байдаг. Манж нар монголчуудын эсэргүүцлийг үл ойшоон III Богд Живзундамба хутагтаар Төвдийн Литан газрын амбан Данзангомбын хөвгүүнийг тодруулан өргөмжилжээ. Түүнийг 1763 онд Монголд залж ширээнд суулгажээ. Их хүрээнд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулсан. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна. Тэрбээр 1773 онд таалал оршсон байна. Хүүхэд байхаасаа монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж, түүний үзэл санаагаар хүмүүжсэн гэдэг.

Богд Живзундамба хутагт IV 

Лувсантүвдэнванчүгжигмэджамц /1775-1813 он/

Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь 1775 онд Төвдийн Лхас нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. Богд Живзундамба хутагт нь VIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм.

YI Банчин-Эрдэнэ Халхын IY Богдод тодруулж, үсэг уншлага заажээ. Долоон настайд нь Манжийн хаан Лувсантүвдэнванчүгжигмэджамцыг Халхын шарын шашны тэргүүн Богд Живзундамба хутагтаар тодруулан өргөмжилж, 1781 онд ширээнд залжээ. IY Богд одоогийн Гандантэгчэнлин хийд байгаа газарт Далха бурханы тахилгыг үйлдэн, Зүүн Хүрээнээс Чойрын хоёр дацанг нүүлгэн ирүүлжээ. Эл үеэс Далхын дэнж хэмээн нэрлэгдэх болсон байна. 1789 онд Зурхайн дацанг, 1806 онд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг, 1807 онд Шэдүвлин хийдийг, 1809 онд Гунгаачойлин дацанг байгуулжээ. Эдгээр нь Монголд судар тарнийн ёс хөгжихөд ихээхэн хувь нэмэр болжээ. Тэрбээр 1813 онд Хүрээ цамыг анх дэглэснээс гадна магтаал, залбирал, ламын йог тэргүүтэй 517 бүтээл туурвисныг нэг боть ном болгож Их Хүрээнд хэвлэжээ. IV Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай билээ. IY Богд нь 1813 оны нэгдүгээр сарын 7-нд таалал төгсчээ.

Богд Живзундамба хутагт V

Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан /1815-1841 он/

Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан Y Богд нь 1815 онд Төвдийн Лхас хотын ойролцоо түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлжээ. YII Банчин-Эрдэнэ “Y Богд” мөн хэмээн тодруулж 1820 онд зургаан настайд нь их суудалд залж ёслол үйлджээ.  1834 онд 20 настайдаа Их Хүрээнд монгол маягийн хэв загвараар Майдарын сүм бариулж наян тохой Майдар бурханг, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залжээ. 1837 онд 60-аас дээш насны хөгшид, 15-аас доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэж ирүүлжээ. 1841 онд Ламрим дацанг бариулж, Бадма ёга дацангуудыг Гандан хүрээнд нэгтгэжээ. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин, зүүн дацанд Дашчойлин хэмээх нэрийг тус тус хайрлажээ. Y Богд нь гайхалтай ид шидийг үзүүлсэн эрдэм чадалтай байсныг Хүрээний хөгшид ярьдаг байв. Өөрийн багш Дамцагдоржоос (Онгийн хийдийг байгуулсан ламтан) Нархажод бурханы авшиг хүртэж, бясалгал бүтээн Их Хүрээнд жинсрэг цутгасанд үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татан гэрэлтжээ. Үүнийг Хүрээний настангууд Нархажод бурхан биеэрээ заларсан хэмээн бэлгэшээсэн гэдэг. Дараа нь Туул голын хөвөөнд, Зайсангийн амны ойролцоо Нархажод сүмийг байгуулжээ. Y Богд  орчлонгийн сав шимийн дууллыг өгүүлсэн нэг боть ном зохиожээ. Y Богд  1841 оны арваннэгдүгээр сарын 18-нд таалал оршжээ.

Богд Живзундамба хутагт VI

Лувсанбалдандамбийжанцан /1843-1848 он/

Лувсанбалдандамбийжанцан нь Лхасын ойролцоо 1843 онд Содномдаржаа, Лхамдолгор нарын хөвгүүн болон мэндэлжээ. YII Банчин-Эрдэнэ YI Богдод тодруулан увш сахил хүртээжээ. 1848 онд Монголд залж YI Богдод өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн цол хэргэм, эрх ямбыг өргөсөн байна. Лувсанбалдандамбийжанцан нь Халхын Их хүрээнд хутагтаар залагдан ирээд удалгүй 49 өдрийн дараа хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна.

Богд Живзундамба хутагт VII 

Агваанчойживанчүгпринлайжамц /1849-1868 он/

Агваанчойживанчүгпринлайжамц нь 1849 онд Төвдийн Лхасын ойролцоо Мягмар, Норовлхам нарын гэрт мэндэлжээ. XI Далай лам Хайдавжамц “YII Богд” мөн хэмээн тодруулж, түүний шинж төрх, ааш зан, биеийн байдал нь өмнөх дүртэйгээ адил хэмээн Манжийн эзэн хаанд айлтган сонсгож, 1854 онд VII Богдын хойд дүрээр тодруулан, Их хүрээнд залж номын ширээнд суулгажээ. 1855 онд зургаан настайд нь Их Хүрээнд залж Халхын YII Богдод өргөмжилжээ.

VII Богдын арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан аж. VII Богд Живзундамба хутагт 1868 оны арванхоёрдугаар сарын 26-нд буюу 19 насандаа жанч халсан байна. Манжийн хааны зарлигаар1869 онд VII Богд Живзундамба хутагтын шарилыг Гандантэгчэнлин хийдэд шинэ алтан суваргад шилжүүлэн залжээ.

Богд Живзундамба хутагт VIII

Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 он/

Номын нэр нь Агваанлувсанчойжинямданзанванчүг. Тэрбээр 1869 оны 10 дугаар сарын 13-нд Төвдийн Лхас хотод  түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц, Банчин-Эрдэнэ нар хамтран тодруулж сахил хүртээн номын нэрийг нь хайрлажээ. 1874 оны өвлийн тэргүүн сард Их Хүрээнд Халхын YIII Богдод залж, мандал өргөн, эрх ямба, цол хэргэм өргөжээ. Номын багшаар нь гурван их ламтаныг залж судар тарнийн ёсонд сургажээ. Түүний багш Балданчоймбол, Лувсанхаймчиг нар нь Их Хүрээний хамба Номун хан байв. 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж, гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их Хүрээнд буддын гүн ухааны Идгаачойлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжэ. Мөн түүний зарлигаар Ганжуурыг хүрээ бараар бүрэн хэвлэсэн байна.

1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлаж 12 дугаар сарын 29-нд Богд Хаант Монгол Улсыг байгуулан YIII Богдыг “Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжлөв. Тэрбээр Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан нийт монголчуудын оюун санааг нэгтгэж чадсан юм. Богд Хаант Монгол Улс байгуулагдсанаар “Олноо өргөгдсөн” хэмээх шинэ он тоололтой болжээ. YIII Богдын санаачилгаар Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг төрийн туг, далбаанд байрлуулсан байна. 1921 онд Ардын хувьсгал ялснаар хаант төрийг халж, YIII Богдод зөвхөн шашны хэргийг хамааруулан төрийн хэрэгт оролцох эрхийг нь хязгаарлажээ. 1924 онд 56 насандаа таалал оршсон юм. YIII Богдыг их хувилгаан шидтэй хүн байсан гэлцдэг бөгөөд түүний нэг жишээ нь, 1920 онд гамин цэргүүд Их Хүрээг эзэлж Богд хааны ногоон ордонг их буугаар галлахад ногоон ордон огтхон ч эвдэрч сүйдээгүй байна. Түүний зохиосон сургаал, магтаал, залбирал, бясалгал зэргээс бүтсэн нэг боть ном

Богд Живзундамба хутагт IX

Жамбалнамдолчойжижанцан /1932-2012 он/

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Живзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар Лувсанжамбал, Янжинлхамын гэрт төржээ. IX Богдыг дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Живзундамбын хойд дүрээр тодруулжээ. Дөрвөн настайд нь XIII Далай ламын тамга түшигч Радэн ренбүчэ, Найчүн Чойжин нар Халх Монголын YIII Богдын хойд дүр мөн хэмээн тодруулж, найман настайд нь гэцүл сахил хүртээж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын номын нэр хайрлажээ.

Тэрбээр 21 нас хүртэл буддын гүн ухаанд суралцаж, 29 нас хүртэл Жонон Дарнатын хийдэд тарнийн гүн ухааныг судалж, олон мэргэдээс номын рашаан хүртэж, бясалгалын бүтээл зохиож, өөрийн олон шавь нарт сургаал номлолоо хайрласаар иржээ. Цагийн эрхээр 1961 онд Энэтхэгт дүрвэн гарч Даржайлин, Масури, Мадъяа, Парадеш хэмээх газруудад сууж байгаад XIY Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод ирж суурьшжээ. 1992 онд XIY Далай лам Халхын Жибзундамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж өөрийн гарын үсэг бүхий батламж өргөжээ. 1999 онд Монголд ирж, шашны бүх байгууллага тамга дарж хүлээн зөвшөөрснөөр IX Богдод өргөмжлөгдсөн. 1925 онд YIII Богдыг таалал төгсөхөд Хүрээнд нэгэн дуу зохиогджээ. Шар морьтын хөтөл дээр гараад иртэл, Шанбалын хаалга цэлс хийгээд нээгдлээ хө, Тунамал дүртэй Богдийгоо, Туулай жилд зална даа хө гэсэн байдаг. IX Богд Монголд ирсэн нь 1999 оны туулай жил байсан байна. 2010 оноос Монгол Улсад заларч, 2011 онд шашны тэргүүнээр заларч, 2012 онд таалал төгсчээ.

Богд Живзундамба хутагт X

Одоогийн яригдаж буй X богд  дээрх хувилгаадын нэг юм. Тэрбээр Далай лам 2016 оны айлчлалаараа Их тэнгэрт уг ёслолыг нууцлан үйлдсэн бөгөөд өмнө нь монголын лам нар X богд байж болох олон хүүхдүүд дээр сорилго явуулж, хүрээллийг нь хумин бэлтгэсэн гэдэг. Эдгээр хүүхдүүд дунд энгийн ардын, улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн үрсүүд ч багтаж байжээ. Далай ламын айлдварт X Богдоор тодорч буй найман настай хүү бол “Монполимент” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ юм. X Богдын ээж “Монцемент” төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм. Шинээр тодорсон X Богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна.

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл X Богдын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Х Богд шашны ном сургааль, эрдэм мэдлэгт суралцана. Хэл болон буддын гүн ухааны мэдлэг хэрэгтэй учраас Богдуудыг багаас нь шадар багш нар сургадаг аж. Багш нарыг Гандантэгчэнлин хийдээс томилох юм. Далай лам, Ромын пап лам зэрэг шашны тэргүүний хажууд том институци байдаг учраас Х Богдын дэргэд нь  байгуулагдаж магадгүй. Х Богд гэр бүл зохиохгүй бөгөөд шашны дэгийн дагуу сахил санваараа авч  номхотголын ёс суртахууны хэм хэмжээг сахих ёстой ажээ.

Буддын шашны дээд боловсролыг олоход хамгийн багадаа 16 жил шаардагдана гэжээ. Х Богд албан ёсоор ширээндээ сууж баталгаажуулсаны дараа олон нийтийн өмнө гарч сургааль номоо айлдаж, сүсэгтэн олонтой уулзана.  Х Богдыг ширээнд нь залах ёслол хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Хэдэн настайд нь ч залж болно. Тэрийг бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд  болон сүсэгтэн олон шийднэ. 

2 САНАЛ

  1. Магадгүй оюун санаа, монгол язгуурыг тамгалан түшиж суух хүн цөвүүн цагт ганц энэ богд ч майж мэдэх дээ!!! Бид ч зүгээр азтай золтой ард түмэн болохоос нээх тэнгэр заяатай бол биш шүү, VIII богд бол тухайн цаг хугацаандаа маниусыгаа болгоож хамгаалж өдий хүргэсэн байдаг яасан сайхан сэтгэл байсын, яг адилаар 10-р богдыг маань тэнгэрт тулгаж хөтөлж хүмүүнлэгжүүлж өгөөсэй билээ гэж хүснэ

  2. Магадгүй оюун санаа, монгол язгуурыг тамгалан түшиж суух хүн цөвүүн цагт ганц энэ богд ч майж мэдэх дээ!!! Бид ч зүгээр азтай золтой ард түмэн болохоос нээх тэнгэр заяатай бол биш шүү, VIII богд бол тухайн цаг хугацаандаа маниусыгаа болгоож хамгаалж өдий хүргэсэн байдаг яасан сайхан сэтгэл байсын, яг адилаар 10-р богдыг маань тэнгэрт тулгаж хөтөлж хүмүүнлэгжүүлж өгөөсэй билээ гэж хүснээ….

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу