АНУ, Солонгос, Япон дахь монголчууд жагсав

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд найм дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд олон улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл тухайн орондоо жагсаалд нэгдэж байгаагаа цахим хуудаст илэрхийлж байна.

Тухайлбал, өчигдрөөс эхлэн АНУ, БНСУ, Япон улсад байгаа монгол иргэд нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага нэхэх жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Гадаадад байгаа монголчууд тус жагсаалд онлайнаар нэгдэж байгаа төдийгүй амьдарч байгаа улсын ЭСЯ-ны гадаа цугларч нэгдэж байгаа аж. Солонгос дахь иргэдийн төлөөллийн цахим хуудаст бичсэнээр “өнөөдрийн жагсаалд сэтгэл зүрхээрээ, итгэл үнэмшлээрээ хол ойр гэлтгүй маш олон залуучууд ирлээ. Бид бүгдийг эх орон гэдэг зүйл холбосон. Эх орныхоо сайн сайхны төлөө, монголд жагсаж буй залуучууддаа дэм өгөхөөр Солонгос дахь монголчууд хамтдаа нэгдлээ.

Таван хүүхдээ дагуулаад зориод ирсэн гэр бүл ч байна. Хорт хавдартай ч гэсэн түүнийгээ сөрөн ирээд дуу хоолойгоо өргөж буй мундаг бүсгүй ч байна.