Найруулагч Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино фестивальд албан ёсоор шалгарсан анхны монгол кино болж, түүхэнд бичигдсэн юм. Монголчуудын үнэн бодит байдал, ядуурлын уг углуургын тухай чадамгай хийсэн бүтээл хэмээн Монголд төдийгүй олон улсад яригдаж буй.

Үзэгчид тэр чигтээ аниргүй байгаа нь сонирхол татна. Өмнө нь ингэж чимээгүй, гэмшингүй байснаа санахгүй юм. Хугархай банзтай, саарал хашаатай түмэн айл эгнэх агаад хаа нэгтээ нохой хуцна. Тас харанхуй гэр хорооллын гудамжинд ганц гэрэл анивчина. Түүнийг “зүрхний цохилт” гэж харсан юм. Амьдрал энд тасраагүй үргэлжилж байгаагийн дохио мэт.

Цахим орчинд шүүмжлэл ч мэр сэр явж харагдав. Тэгэхдээ нийгмийн хамаг муу муухайгаа түмэнд дэлгэлээ, халтар ядуу амьдралаа үзүүлэхээс ичээч гэх мэтээр цэцэрхэнэ лээ. Энэ бол үнэнтэй нүүр тулах цаг. Ядуурлын үр үндэс хаана унаж хоцроод, соёолж ургаад, утаан дунд согтуу юм шиг найгаж байна вэ? Яагаад тэр үндсийг ажихгүй байна вэ?

Ажиглаж харсан ч дасчихсан юм биш биз. Бид өвлийн хүйтэнд зуны пүүзтэй алхах жаалтай өдөр бүр таарч буй. Үл хайхрах хүчирхийлэл, өсвөр насны жирэмслэлттэй мэдээг өдөр бүр уншиж байна. Гэтэл яагаад энэ бүхэндээ уусчихсан юм бэ. Гарц, гаргалгааг хэнээс ч хайгаад нэмэргүй мэт хаячихсан.

Есдүгээр ангийн 16-хан настай жаахан хүүхэд гутрах, шантрах мэдрэмжийг тултал мэдэрчихээд, бүх зүйлд бууж өгөхөд бэлэн болчихсон тухай зураглал, дүрслэлийг мэдрэхэд өөрийн эрхгүй уйлмаар болов. Бид энэ бүхэнд дэндүү уусаж, дэндүү анзааргагүй болчихож дээ гэж мэдэрч суулаа.

Уйлж бачуурах үед хашааны банхар, хажуу айлын өвөөгөөс өөр ханьгүй байгаа тохиолдол гэр хорооллоор дүүрэн бий. Энэ бүгдээс яагаад ичих ёстой гэж. Хүссэн, хүсээгүй аав нь хэдэн малаа зарж, хотод орж ирээд, үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгох гэж хичээдэг.

Бүх зүйл санаснаар нь болохгүй бол гутарна. Архи ууна, ууддаггүй юмаа гэхэд чадамжгүй болно. Энэ бүхэн өдөр тутам тохиолдож л буй. Энэ бүгдийг нэмэлт хачиргүй, халилгүй кино болгон бүтээнэ гэдэг том ажил. Энэ ажлыг монголчууд магтах ёстой.

Дэлхийн олон зохиолч Нобелийн шагнал хүртэхдээ амьдрал, нийгмийнхээ хар бараан бүхнийг өгүүлсээр шалгарч байлаа. Гэтэл бид “худлаа” ямаан омог гаргаж бардамнасаар бүх зүйлээс холдож орхиж дээ.

Шуудай нүүрс л байвал амьдралынх нь нэг өдөр дулаан сайхан өнгөрөх болохоор өмсөж яваа гутлаа зарахаас ч буцахгүй тухай кино үзээд, уйлж сууснаа бодохоор үнэнтэйгээ нүүр тулах мөч байсан аж. Үүнээс цааш олон хүн үзээсэй. Үзээд уйлахгүй юмаа гэхэд ухаажаасай.

Олон хүний бичсэнчлэн магтаж сайшаахыг илүүд үзэлгүй маш богинохон тэмдэглэж үлдээснийг болгооно уу.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу