Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 0-18 насны хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм.

Тус байгууллага нь 187 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа ч мэргэжлийн багш, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сувилагч гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан шаардлагатай мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа аж. Энэ нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж чаддаггүй, цалин хөлс бага байдагтай холбоотой хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Энхбат танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч П.Анужин:   Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хороо хамтран боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын цогц хөтөлбөрийг удахгүй танилцуулах болно. Цогц хөтөлбөр хэрэгжсэнээр  хүүхдийг энгийн сургуульд суралцуулах, нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгэмшүүлж чаддаггүй, түүнд анхаарал хандуулдаггүй, цогц уялдаа холбоотой бодлого байдаггүй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сүүдэрт амьдрахад хүргэж байна. Үүнийг бид Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой гэлээ. Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг, асран хамгаалагчийн тэтгэмжийн асуудлыг хөндөнө гэдгээ мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан саналаа тусгах боломжтой гэдгийг илэрхийлсэн юм.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу