Хаад ноёдыг дагасан ордны сургалт, шавь сургалт, хошуу тамгын бичээч бэлтгэх сургалт гэх мэт байсан. Анх удаа хэний ч хүүхэд сурч болох “иргэний сургууль” 1912 онд байгуулагджээ.  Жамсрангийн Цэвээн соён гэгээрүүлэгч анхлан хариуцаж байсан аж.

Богд хаант Монгол улсад 1912 оны 3 дугаар сарын 24-нд дөрвөн аймаг, шавь таван хошуунаас зарлан ирүүлсэн 47 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр Гадаад явдлын яамны дэргэд анхны иргэний сургуулийг байгуулсан байдаг.

Манжийн үед гадаад соёлт ертөнцөөс тусгаарлагдмал байсан Монгол юуны өмнө Европ иргэншлийн дэвшилтэт өв уламжлалтай танилцахын хамт иргэдийн оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл нэвтэрч, ХХ зууны уур амьсгал орж, шинэтгэл сэргэлт үзэгдэх болов. Үүний нэг жишээ нь тухайн үеийн нийгмийн оюунлаг хэсгийнхэн ард түмнийг сурган хүмүүжүүлэх, иргэний боловсролыг төрийн бодлого болгох, хүүхэд, залуусд шинжлэх ухааны мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэх тухай олон талыг хамарсан санал, санаачлагууд гарган түүнийгээ эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Тухайн үед үйл ажиллагаагаа эхлэн хэрэгжүүлж эхэлсэн томоохон ажлуудын нэг нь иргэдийг системтэйгээр сурган боловсруулахад чиглэсэн янз бүрийн сургууль, соёлын газрууд байгуулагдсан явдал байлаа.

Архивын баримтаас үзэхэд тэр үед аймаг, хошуудад удаа дараалан байгуулсан бага сургуулийн тоо 60 гаруй болсон байв. Гарсан саналуудын дагуу арга хэмжээ авч сургууль олноор байгуулагдаж, сургууль нь сургалтын төлөвлөгөө, дүрэм, заах зүйлийн хөтөлбөр үзэх ном, сургах бичигтэй болж байлаа.

Монгол улсад сургууль эртнээс байгуулагдаж ажиллахдаа ордны дэргэд хаадын үр хүүхэд, дүү нарыг сургадаг байсан эсвэл ажил хэрэгцээний зорилгоор өртөө замын дагуу цөөн хүнтэй байгуулагдаж байсан ба бичгийн түшмэл бэлтгэх зорилгоор тодорхой хэл, бичиг заан сургадаг байсан зэрэг хөгжлийн түүхэн үеийг туулж ирсэн билээ.

Тэгвэл 1912 оны энэ сургууль нь хүүхдийг ялгаварлалгүйгээр суралцуулах нийтийг сургах сургууль болж байгаагаараа онцлог.

Харин ардын засгийн газраас анх 1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байдаг ба анхны сургууль 1923 оны 2 сарын 16-нд 2 бүлэг, 40-н сурагч, 4-н багштайгаар байгуулагдаж байсан түүхтэй.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу