Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Earth Day: Protecting our Planet's Beauty & Diversity

Энэ өдрийг дэлхийн улс орнууд экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон өөрийн орны иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Олон улсын эх дэлхийн өдөр” бүх нийтийг байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалахыг сануулж, уриалдаг юм. 
Flat Design International Earth Day Template
“Эх дэлхийн өдөр”-өөр манай улсад ч олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг. ХААИС болон эх дэлхийгээ хайрлах сэтгэлээр нэгдсэн хүмүүс жил бүр энэ өдрөөр хог хаягдлын чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулдаг. Энэ жил Эх Дэлхийн Өдөр угтаад дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  “Хогны хувьсал 2024” экспог Дархан хотод зохион байгуулсан. Мөн өнөөдөр байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Хуванцар ба эх дэлхий” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах аж. 
Эл өдрийн оройн 18:30-19:30 цагийн хооронд цахилгаан хэрэгслээ бүрэн унтраахыг аж ахуй нэгж байгууллагууд уриалдаг билээ. Иргэн та ч энэ өдөр цахилгаан хэрэгслийн хэрэглээгээ багасгаж, хуванцар болон гялгар уутны нэг удаагийн хэрэглээнээс татгалзаарай. 
Цахилгаанаа нэг цаг унтраахаас өөр эх дэлхийгээ хайрлах бидний алхам юу байж болох вэ? Магадгүй хогоо ил задгай хаяхгүй байх, усаа гамтай хэрэглэх зэргээс эхэлж болох юм. Гэхдээ та бидний төдийлөн мэддэггүй зарим мэдээллийг хүргэе.
Хувцас бурхан бие чөтгөр гэлцдэг. Тэгвэл биднийг бурханлаг гоо үзэмжтэй болгодог хувцас , хэрэглэл маань байгаль дэлхийг маш ихээр бохирдуулдаг гэнэ. “Бидний худалдаж авсан бараа бүтээгдэхүүний 99 хувь нь зургаан сарын дотор хог болдог. Жил бүр хүн төрөлхтөн 2.12 тэрбум тонн хог хаягдал үүсгэдэг” гэх олон улсын судалгаа гарчээ. 

Хувцасны брэндүүд хаягдалдаа нөхөн төлбөр төлөх журам АНУ, Европт  батлагдахад ойрхон байна

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хувцас тэгвэл хэсэгхэн хугацааны дараа хог болдог байх нь. Улмаар нэхмэл эдлэлүүд задрах явцад хүлэмжийн метан хий үүсгэж, химийн хорт бодис, будагч бодисыг гүний ус болон хөрсөнд уусгаж, бохирдуулдаг. Тэгэхээр хуучин хувцсаа ил задгай хаях нь хамгийн буруу сонголт болж таарах нь.
Манай улсад бол хуучин хувцсыг бөөгнүүлээд шатаах нь энгийн үзэгдэл. Шатаахгүй байлаа гэхэд нэг ширхэг цамц байгальд 200 жилийн дараа задардаг байна. Үүнээс харахад бид энгийн хэрэглээг чухалчлах цаг нэгэнт болжээ. Хуучин хувцсаар дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бололцоог судлах, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэг чанартай хувцсаа удаан хэрэглэх зэрэг олон арга бий. Эх дэлхийгээ хайрлахын тулд энгийнээс эхэлцгээе.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу