Засгийн газрын өнөөдрийн (2024.04.24) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.АмарсайханЗасгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд эрсдэлийг бууруулах стандарттай стратегийг боловсруулж, судалгаа тооцоотойгоор Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ингээд Ерөнхий сайд зарим шийдвэрүүдийг гаргалаа. 

Нэгдүгээрт, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм зэрэг шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр 25 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа. 

Үүгээр гал унтраахад хэрэглэгддэг дрон, робот, гал сөнөөгчдийн олон улсын стандартад нийцсэн хувцас авна.

Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхээр сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн одоо байгаа эрэн хайх аврах, гал түймэртэй тэмцэх нэгж бүлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярилаа.

Үе үеийн Засгийн газар бүтэц орон тоог нэмэгдүүлж ирсэн ч улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийт байх ёстой алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд 60 хувь дутуу гэж ойлгож болно. Машин механик нь 60 хувь хангагдсан байгаа юм.

Одоо 10 хүн тутмын гурав нь зориулалтын хувцастай байгаа нь үнэн. Алба хаагчид нэг дор бүгд дайчлагдан ажилладаггүй учраас үүнийг бодолцох хэрэгтэй.

2025 онд нэгж ангиудыг 128-аар нэмэгдүүлж, тэр хэмжээгээр төсвөө нэмнэ. Одоо улсын 330 сумын 30-д нь аврах анги байдаг учраас эрсдэлийг бууруулах бодлоготой нийцэхгүй байгаа учраас энэ асуудлыг танилцуулсан.

Алба хаагчдын цалин хангамжийн тухайд, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр удаа цалин нь нэмэгдэж байсан. Сүүлд долоо хоногийн өмнө цалин нь дунджаар 25 хувиар нэмэгдсэн. Хоёрт, ОБЕГ-ын сургалт, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цалин нэмэгдэж байгаа ч нийгмийн асуудал нь чухал байгаа. Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Зарим нэг орон тоог баталж, шаардлагатай төсвийг батлах үүргийг өгсөн. Жишээлбэл, гал унтраах дрон, робот, тоног төхөөрөмжөөс гадна гал сөнөөгчдийн олон улсын стандартад нийцсэн хувцас авахад 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногоос нийлүүлэлтийг хийнэ.

Онцгой байдлын байгууллага одоо гар утас, олон нийтийн сүлжээгээр урьдчилан сэргийлэх мэдээллээ хүргэдэг бол удахгүй зарлан мэдээлэх шинэ системийг нэвтрүүлэхээр 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батална. Үндэсний гамшгийн удирдлагын төвийг байгуулах ажил энэ жилээс эхэлнэ.

Хоёрдугаарт, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Баянзүрх дүүрэгт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ноцтой осол гарсан. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтүүд эцэслэн гарсан. Тухайлбал, 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих, газрыг чөлөөлөх, аюулгүй болгох шаардлагатай болсон. Тухайн байрны оршин суугчдын асуудлыг нийслэлийн удирдлагад шилжүүлж, үүнд шаардлагатай 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн. Засгийн газраас энэ осолтой  холбоотой таван тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдсэн. Үүний 2.1 тэрбум төгрөг нь айл өрхүүдийн түрээсийн орон сууц, алба хаагчдын орон байрны асуудлыг шийдсэн бол одоо 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн гэсэн үг. Иргэд нийслэлийн удирдлагатай зөвшилцөж байрны асуудлаа шийднэ” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу