Иргэд нийслэлийн төв эмнэлгүүдээр эмчлүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт бичгийг заавал авч очдог. 13А маягт гэдэг нь “үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичиг” юм. Тэгвэл энэхүү үйлчилгээг иргэд өнөөдрөөс (2023.04.13) эхлэн цахимаар авах боломжтой болжээ. Цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байгаа юм.  

Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А авахгүйгээр шууд очиж болно. Үүнд:

–  Яаралтай тусламж

–  Гэмтлийн тусламж, үйлчилгээ

–  Мэс заслын тусламж, үйлчилгээ

–  Нүдний өвчний тусламж, үйлчилгэ

–  Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ

–  Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

–  Шүдний тусламж, үйлчилгээ

–  Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ

–  Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ

–  Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ

–  Гемодиализын тусламж, үйлчилгээ

–  Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.

Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах шаардлагатай. 

Цахим 13А маягтын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өрх, сумын эрүүл мэндийн төвөөс бичигдэж эхлэх тул тус өдрөөс өмнө цаасан хэлбэрээр бичигдсэн 13А маягтыг хуучин журмын дагуу авч үйлчилэх юм.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу