-Ардчилсан нам Б.Жаргалан нараасаа болж намгийн мэлхий л болно-

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуулийг баталснаар улс төрийн намууд “амилах” боломжийг нээж өглөө. Үндсэн хуульдаа сонгуулийн холимог тогтолцоог суулгаж, 78 нэр дэвшигч тойргоос, 48 нь намын жагсаалтаар парламентад орж ирэх гарцыг нээж өгсөн нь улс төрийн намуудын дэргэдэх байгууллагуудыг хөдөлгөөнд оруулжээ. Эдгээр өөрчлөлтийн өмнө УИХ-ын гишүүн Х.Булгантуяа МАН-ын НАМЭХ-ны тэргүүн болов. Араас нь Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллага хөдөлж эхэллээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа ажлаа өгөхөөр болсон байна. Ингэхдээ дараагийн тэргүүнээ албан бусаар тохирсон гэх.

Квотын хүрээнд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн нь намын жагсаалтын эхний гурав дотор эрэмбэлэгдэнэ. 30 гаруй жилийн түүхтэй 200 мянган гишүүнтэй намын хувьд эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн нь жагсаалтаар шууд парламентын босго алхах боломж бүрэн бий. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудлын төлөөх ил далд марафон эхлээд байна.

Одоогоор тус холбооны тэргүүнд горилохоор нам дотроо 5, 6 дугаар араандаа хийчихсэн жирийж байгаа хүн нь Батбаярын Жаргалан. Монгол дахь кастын системийн үр хөврөлийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин Жаргалан нам дотроо эхлүүлж таарч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч эцсийн мөчид Б.Жаргалан бус “Фортуна” нэр дэвшсэнээр ялагдал хүлээсэн.

2020 онд Б.Дэлгэрмаа АН-ын дэд даргаас бууж Б.Жаргалан тооноор орж ирэн дэд дарга болоход намынхан нь дургүйцэж байсан ч тэгсгээд нам гүм болсон. Тэгвэл энэ удаа дахин тооноор шагалзах болсон Б.Жаргаланг л сонгож болохгүй шүү гэж намынхан нь яриад эхэлж. Намын амьдрал мэдэхгүй, хамт олноо хүндэтгэж сураагүй, намын байгууллагыг хувийн компани шигээ боддог, нам бол би гэсэн үзэлтэй, хэтэвч, аавынхаа нэр хоёрт найдсан ийм хүмүүсийг дуугүй хүлээн зөвшөөрдөг байдлаа больё хэмээн ярьцгааж байна. АН-ын даргаар ажиллаж байсан, Төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ гэхэд Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшин намын анхан шатны байгууллагаас улс төрд орох алхамаа хийж байсан бол эрээ цээргүй хүмүүс л шууд тооноор шагайдаг юм байна гэх яриа газар авч эхэлжээ. Ядаж Э.Эрдэнэ шиг байвал болж байна гэх. Намын анхан шатны үүрийн гишүүдийн жаргал, зовлонг ойлгохгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялж, ялагдахын гашууныг мэдрээгүй, зөвхөн мөнгөөр асуудал шийддэг ийм байдлыг таслан зогсоохгүй бол кастын үргэлжлэл Ардчилсан намд бий болох хөрс суурь бүрэлдэж байна гэж үзэцгээж байгаа аж.

Даргын хүүхэд дарга болдог, сайдын хүүхэд сайд болдог, гишүүний хүүхэд гишүүн болдог кастын систем зөвхөн МАН-д байсан бол одоо түүнээс хальж эхэлж байгаа нь энэ. Ингэхдээ одоогийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа өөрийн халааг Н.Батбаярын охин Жаргаланд өвлүүлэх аман тохироо хийгдсэн талаар ярих болж. Ийм байдлаар шавар унасан Ардчилсан нам Б.Жаргалан нараасаа болж намгийн мэлхий л болно. Намгийн мэлхий намагтаа л жаргалтай байхаас худгийн усыг мэдэхгүй. Уг нь Б.Жаргалан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн юм билээ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд юу ч хийгээгүй тул намынхан нь эсэргүүцэж байгаа ч дээгүүрээ тохироо хийж, тооноор мөнгө цацаж ороод ирэх вий гэсэн болгоомжлол намынханд нь байгааг тэд нуусангүй. Амар хялбар байдлаар улс төрийг харах болж, аавынхаа нэрээр дулдуйдан яваад намынхан нь дургүйцэж байгааг эрх Жаргалан огт мэдэхгүй байгаа бололтой. Цагтаа аав нь охинынхоо нэрээр “Жаргалан” хэмээх бүхэл бүтэн хотхон хороолол байгуулж цалгиж байлаа. Одоо цаг өөр болсон гэдгийг тэд ч бас ойлгох болсон баймаар. Монгол дахь кастын систем МАН-даа л ядаж үлдэг. Ардчилсан нам кастыг үргэлжлүүлж огт болохгүй. Ядаж Ардчилсан нам ийм ялзарлаас хол байх хэрэгтэй.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу