Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.

Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очлоо.
“Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай Дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ынхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, усыг гольдрилоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж.
20О8 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрснийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв.
    • Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах,
    • Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах,
    • БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах,
    • Гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах,
    • Халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг үүрэг болгов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу