Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 40-45 хувийг дотоодоосоо хангадаг бол үлдсэн 55-60 хувийг импортоор бүрдүүлдэг. Үүний дийлэнх хувийг ОХУ нийлүүлдэг юм. Тус улсаас импортлох өндөгний хэмжээ эрс багассантай холбоотой зах зээлд эрэлт үүсэж, нэг ширхэг өндөг 680-700 төгрөгийн үнэтэй болоод байна. Үүнтэй холбогдуулан бид Баянзүрх худалдааны төвөөс дараах мэдээллийг бэлтгэлээ. 

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД:  НЭГ ШИРХЭГ ӨНДГИЙГ ШАГЧДААС 600 ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА 

Баянзүрх захын B1 болон нэгдүгээр давхарт хүнс худалдааж байлаа. Үүнээс 5-6 лангуунд өндөг өрсөн харагдана. Энд үйлдвэрлэлээрээ дотооддоо тэргүүлдэг “Түмэн шувуут” компанийн өндөг төдийлөн харагдахгүй, “Баян”-гийнх л зарагдаж байлаа. Нэг ширхэг өндөг 680 төгрөг хүрчээ. 

Өндөгний үнийн талаар худалдаа эрхлэгчээс тодруулахад “Хоёр сарын өмнөөс орос өндөг тасарсан. Тэр үед нэг ширхэг өндөг 550 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш бага багаар нэмэгдсэн, өнөөдөр 680 төгрөгөөр зарагдаж байна. 

“Түмэн шувуут”-ын өндөг долоо хоногт нэг удаа ирдэг. Бусад өдөр нь ирдэггүй. Иргэд цөөн тоогоор авч байна. Мөн дэлгүүрийнхэн ирж, их хэмжээгээр авч байна. Өндөггүй суух өдөр ч байна. Аргаа бараад шагчдаас нэг ширхэг өндгийг 640 төгрөгөөр авч, худалдаалж байна” гэлээ.

ТҮМЭН ШУВУУТ: БИД АРВАННЭГДҮГЭЭР САРААС ХОЙШ ӨНДӨГ НИЙЛҮҮЛЭХ ҮНЭЭ ӨСГӨӨГҮЙ, ЦААШИД Ч ӨСГӨХГҮЙ

Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн, “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр өндөгний үнэ өссөнтэй холбогдуулан мэдээлэхдээ, “Түмэн шувуут” компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомсдол үүсэхэд үнэ нэмэхгүй, хамтарч ажиллахыг бүх харилцагчаасаа хүсье” гэв.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу