dobu.mndobu

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Аавтайгаа уулзаж амжаагүй сэтгэл энэ дуунд шингэсэн

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Аавтайгаа уулзаж амжаагүй сэтгэл энэ дуунд шингэсэн

Та бидний дурсамжийн аль нэг хэсэгт оршсоор байдаг гайхалтай дуунуудын бий болсон түүхийг цувралаар хүргэж буй. Энэ удаад Д.Амгалангийн үг, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу “Насны намар” дууг онцолж байна. Хүний нутгаас аав, ээжийгээ санахдаа, эсвэл насны хярд өөрийнхөө амьдралыг цэгнэн суугаа нэгний зүрх сэтгэлээс гарсан гэмээр энэ дууг МУГЖ Н.Төмөрхуяг гуайн дуулсныг түмэн мэдэх биз ээ. 

"Ухаан бодол минь тэгшрэх тусмаа
Улам санах юм унаган нутаг аа
Үнсээд угтахгүй ээж ээ бодохоор
Үнэний хорвоог яалтай ч билээ дээ" гэж дуулах нь үнэхээр нэгийг санан дурсаж, ухаарч яваа нэгний үг, элгээ нэвчтэл гансарсан нэгний аялгуу мөн гэлтэй.

Монголчуудын дунд хит болж, зуун дамжин дуулагдсан дуунуудын тухай МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, түүний гэргий МУСТА, яруу найрагч, их эмч Ж.Ганчимэг нарын хамтран гаргасан “Айсуй” хэмээх ном бий. Эл номд өгүүлсэн “Насны намар”  дуу төрсөн түүхээс хэсэгчлэн авч та бүхэнд хүргэе.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Айсуй” номдоо өгүүлэхдээ, 

"1989 оны намар Цэргийн чуулга Хэнтийд бригадаар явж байхад Дүгэрийн Амгалан гэж цагдаагийн хүн надтай уулзаж "Насны намар шүлгээ өгсөн. Амгалан гуай "Би ээжтэйгээ уулзаж чадаагүй юм аа. Та энэ шүлэгт хөгжим бичээд өгнө үү” гэж хүсэлт тавьсны дагуу энэ дуу төрсөн түүхтэй. Амгалан гуай шүлгээ онгоцонд бичиж байсан гэнэ лээ.

Тэр үед аав минь бурхан болж, аяыг нь би мөн л онгоцонд бичиж байсан даа. Аавтайгаа уулзаж амжаагүй сэтгэл энэ дуунд шингэсэн. Аавын бие муудаж, намайг дуудагдахад Ёндон генерал ансамблийн ганц хөгжимчин болохоор надад цэргийн онгоц гаргаж өгч байсан шүү. Тэр онгоцонд явахдаа "Насны намар" дуугаа бичиж, нисэгчид нь дуулаад бууж байсан. "Морин хуур" наадмын 1988 оны тэргүүн байрыг би "Зүүдэн бороо”- гоор авчихаад дараа жил нь "Насны намар” дуугаар бас л тэргүүн байрт орчих шахсан. Агуу Н.Жанцанноров гуайн "Аргалд явсан ижий", Б.Сүхбаатарын “Саа мөнгөн Хэрлэн” гээд л “аймшигтай” дуунууд жагсчихсан байдаг. "Насны намар” гарцаагүй гарчих гээд байдаг, он дараалан арай ч боломгүй байсан байх. Ингээд комисс хуралдаад анх удаа "Үзэгчдийн шагналт" гэж дэд байрын шагнал шинээр бий болгож, "Насны намар"-т өгч байсан. Үзэгчид үүнд маш их баярласан. "Насны намар" энэ шагналыг тодорхойлж, анх бий болгож байлаа" хэмээн дурсжээ.

 



НАСНЫ НАМАР    Үг: Д.Амгалан


Үсний сор минь мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа
Уулзаж амжаагүй ээж ээ бодохоор
Уугуул нутаг минь хагсраад байх юм аа


Дахилт:
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө


Духны минь толио хээтэх тусмаа
Дурсан санах юм өссөн нутаг аа
Ахин золгохгүй ээж ээ бодохоор
Айлчилж очихоос халшраад байх юм аа


Дахилт:
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө


Ухаан бодол минь тэгшрэх тусмаа
Улам санах юм унаган нутаг аа
Үнсээд угтахгүй ээж ээ бодохоор
Үнэний хорвоог яалтай ч билээ дээ


Дахилт:
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө


1989 он

Хуваалцах:

|
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

7000 га орчим талбай түймэрт өртжээ

7000 га орчим талбай түймэрт өртжээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.