ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.
БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ. Үүний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өв багтсан байна
Эрдэмтэн судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17-р зууны монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог. Уг бичээс нь Лигдэн Хутагт Хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.
ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”, 2017 онд “Есөн эрдэнийн ганжуур” бүртгэгдээд байсан бол ийнхүү энэ онд “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” бүртгэгдлээ.
Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.
Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өвийг ЮНЕСКО-д нэр дэвшүүлэх үйлсэд гар бие оролцсон бүх хүмүүс тэр дундаа Монгол Улсын Үндэсний Номын сангийн хамт олонд талархал илэрхийлье.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу