Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө өнөөдөр (2023.06.09) Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ билээ. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тулгамддаг бэрхшээлүүдийг ойлгуулах зорилгоор дадлага сургалт зохион байгууллаа. Сургалтад нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгжийн 50 орчим жолооч, хэсгийн дарга, инженер хамрагдсан юм. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр нар өөрт тулгамддаг асуудлуудаа биеэр үзүүлсэн юм.Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр тэргэнцэртэй иргэд автобусанд зорчиход үүсдэг хүндрэл, бэрхшээлийг тайлбарлалаа. Тэрбээр “Нийтийн тээврээр зорчих үед автобус замын хашлагаас хол, эсвэл давхарлаж зогсох тохиолдол элбэг. Тиймээс автобусны хаалганд байрлах тэргэнцэртэй иргэн суухад дардаг товчлуур дээр дарж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй иргэдийн суудлын бүсийг урт болгох хэрэгтэй” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу