Авто замын барилга угсралтын газарт орсон Эрэл Группийн 0,9 га газрыг албадан чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал, Эрэл групп 2017 онд төмөр замын хамгаалалтын зурвас гэж 2,2 га газрыг эзэмшжээ. Гэтэл сүүлийн хоёр жил газрын төлбөрөө огт төлөөгүй аж. Тиймээс газрын албанаас 2021 оноос хойш удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч одоог хүртэл ямар ч хариу өгөхгүй байгаа аж. Тиймээс газрын тухай хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр хураамжаа төлөөгүй гэдэг үндэслэлээр тус газрыг албадан чөлөөлж байгаа юм байна.

Эрэл группийн эзэмшиж буй энэхүү газар нь Мишээл Экспо-Нарны зам чиглэлд байрладаг. Энэ газрыг чөлөөлж, холбоос зам барьснаар Чингисийн өргөн чөлөөний нэвтрэлтэд 14,4 хувь, Энгельсийн гудамж буюу гурвалжингийн гүүрээс урагшаа явсан замын нэвтрэлтэд 16,3 хувийн эерэг нөлөө үзүүлэх тооцоо гарчээ. 

Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын захирал Ч.Батзориг Эрэл групп зургаан салаа төмөр замыг хувьчлаад авчихсан. Ингэхдээ 2,2 га газрыг төмөр замын хамгаалалтын зурвас хэсэг гээд 2017 онд  гэрчилгээ авсан байгаа юм. Энэ гэрчилгээнийхээ дагуу төлбөр төлөх ёстой ч сүүлийн хоёр жил огт төлбөр төлөөгүй. Газрын албанаас 2021 оноос хойш байнга мэдэгдэл хүргүүлж байгаа. Гэсэн ч одоог хүртэл ямар нэгэн хариу тайлбар байхгүй. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрын гэрчилгээг нь цуцалсан. Өөрөөр хэлбэл, газрын хуульд заасны дагуу энэхүү эзэмшсэн газраа төмөр замын хамгаалалтын дагуу эзэмшихгүй байна гэж үзээд гэрчилгээг нь цуцалсан. Тиймээс үүнтэй холбогдуулан газрыг нь албадан чөлөөлөх ажлыг хийж байна.  Энэ төмөр зам нь хэдийгээр хувьчлагдсан ч гэсэн одоогоор ямар ч ашиглалт байхгүй, хоёр талдаа тасарчихсан. 

Авто замын мастер төлөвлөгөөнд заасны дагуу хот төлөвлөлтийн 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгагдсан босоо тэнхлэгийн зам барих ажлын хүрээнд 1,2 км зам барихаас 450 км орчим замыг бариад үлдсэн хэсгийг нь тавьж чадахгүй бүтэн жил гацчихсан байсан. Энэ газрыг чөлөөлснөөр үлдсэн 800 метр замыг үргэлжлүүлэн барина.

Энэ нь Мишээл экспогоос хойшоо нарны зам, нарны замаас хойшоо Энхтайвны өргөн чөлөөтэй холбогдсон босоо тэнхлэгийн холбоос зам юм.

Замыг барьж, ашиглалтад оруулснаар авто замын байгууламжуудын сүлжээ нэмэгдэж, түгжрэлийг бууруулах эерэг нөлөө үзүүлнэ.

Газар чөлөөлөлтийн ажлыг энэ долоо хоногтоо бүрэн дуусгаад, замын ажлыг долдугаар сардаа багтаагаад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэлээ. 

Харин Эрэл гуппийн зүгээс “Энэ зам бол манай үйлдвэрийн анхны төмөр зам. 2013 оноос хойш үйлдвэрийн түүхий эдийг энэ замаар тээвэрлэж байсан. Хамгийн сүүлд 2020 онд тээвэрлэлт хийсэн. Тухайн үед  үйлдвэр шинэчилж, шүүхдэж байгаа нэрээр зогсоочихсон юм. Түүнээс хойш ашиглаагүй учраас мод ургачихсан байна. Гэхдээ цаашдаа ашиглана. Түүхий эдээ авахгүй бол манай үйлдвэрийн ажиллагаа зогсоно шүү дээ.

Газар чөлөөлөх мэдэгдлээ хоёрхон хоногийн өмнө бидэнд өгсөн. Тийм учраас бид шүүхдэнэ.

Бид  хотын захиргаанаас хэлсэн бүх тушаал, шийдвэрийг дэмждэг. Нэг компаниас болж хотын иргэдийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Гэхдээ болохгүй юм болохгүй шүү дээ. Үнэхээр үйлдвэрийн гол зам учраас болохгүй” гэлээ.   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу