ГССҮТ-өөс өнөөдөр (2023.07.17) баяр наадмын өдрүүдэд гарсан зам тээврийн осол гэмтэл, мориноос унаж бэртэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тусламж үйлчилгээ болон нийт осол гэмтлийн талаар мэдээллийг өглөө.

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт осол гэмтлийн шалтгаанаар нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2946, 0-18 насны хүүхэд 1850 байна.

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн яаралтай тусламж авсан нь нийт яаралтай тусламжийн 11%-ийг эзэлж байгаа юм. Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 150 байгаа бөгөөд үүнээс 66 нь бага насны хүүхэд байжээ. Мөн хурдан морины уралдааны үеэр унасан 21 хүүхэд байгаа юм. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн гэлээ.

Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 56 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-16 насны хүүхэд 6 байна. Дээрх үйлчлүүлэгчдээс 14 нь аюулгүй байдлаа хамгаалуулсан бол, 4 нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тус хэвтэн эмчлүүлж буй иргэд яаралтай хагалгаа хийлгэх хэмжээнд хүрч хүндрээгүй байгаа ч тархины битүү гэмтэл болон гарын ясны цууралт зэрэг бэртэлтэй байгаа аж. 

МОРИНООС УНАЖ БЭРТЭХ ШАЛТГААНТ ӨВЧЛӨЛ:

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2023 оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн нийт 620 хүн тусламж үйлчилгээ авснаас 256 нь хүүхэд байна. Тэр дундаа хурдан мориноос унаж бэртсэн 21 байгаа бол, үлдсэн 588 нь уналгын мориноос унаж бэртжээ.

2023 оны эхний зургаан сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 81.942 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 47.490, эмэгтэй 34.452 байгаа бол, 0-18 насны хүүхэд 33.876 байгаа юм.

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:

  • Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ – 40.211
  • Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ – 12.946
  • Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ – 7388
  • Зам тээврийн осол-7011
  • Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -1047 (7.37%)
  • Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -6805
  • Нохойд хазуулсан -1854 байна.

Улсын хэмжээнд 2023.07.09-нөөс 2023.07.15-ны өдрийн хооронд зам тээврийн ослын шинжтэй  дуудлага, мэдээлэл 972, зам тээврийн  осол 408 бүртгэгдэж нийт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Тухайлбал:

  • Нийслэлд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна.
  • Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас өртөж хохирсон байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу