“Акуа Гарден” буюу “Авлига” хорооллыг нураахтай холбогдуулан тус орон сууцанд байр авахаар захиалга өгсөн иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар олон нийтийн дунд маргаан өрнөж буй. Тодруулбал, Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн “Байр авсан иргэдийн хохирлыг эхний ээлжинд төсвөөс шийдэж таарах байх” хэмээн хэлсэн юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Акуа Гарден”-д захиалга өгсөн иргэдийн хохирлыг төсвөөс гаргах талаар яригдаагүй. Тийм боломж ч байхгүй. Нэгдүгээрт, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой. Эдгээр иргэдийн хохирлыг буруутай үйлдэл хийсэн этгээдээр нь төлүүлнэ. Түүнээс биш энэ барилгыг өнөөдөр нурааж, хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргахгүй. 

Зөвшөөрөл олгохтой холбоотой албан тушаалыг хариуцаж байсан этгээдүүд гаргасан шийдвэртээ эзэн болох ёстой. Энэ шийдвэрийг ямар зорилгоор, юуг үндэслэж гаргасныг өөрсдөө маш сайн тайлбарлах ёстой. Засгийн газар, БХБЯ руу чихээд сууж болохгүй. 

Жишээ нь, “S Outlet” гээд дэлгүүр байна. Бүх зөвшөөрлөө аваад, барилгаа бариад, үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлээд, гэрчилгээгээ авчихсан. Ийм хувийн өмчид хэн ч халдах эрх байхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ тэр газрыг авсан түүхийг харвал эхлээд 200 метрийг авчээ. Дараа нь 400 метр болгосон. Сүүлдээ бүр 800 метр газар болгож, гурван удаа гурван Засаг даргын шийдвэрээр өөрчлөгдсөн байгаа юм. Ингэж том барилга барьсан байна. Тэгэхээр энэ газрыг яагаад томруулаад байсан гэдгийг хөндөх ёстой. Үүнд улс төр орох ямар ч шаардлага байхгүй. Хотын ажил явж байна. 

Засгийн газраас нэг л зүйлийг баримталж байна. Энэ нь байгалийн гамшиг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөө талдаа хүний амь нас эрсэдсэн. Энэ нь хүний буруутай үйлдлээс болсон эсэхийг маш хурдан тогтоох шаардлагатай. Хэрвээ хүний буруутай үйл ажиллагаанаас болж үерийн нөхцөл байдалд хүрч, хүний амь нас эрсэдсэн бол яаралтай арга хэмжээ авч, хариуцлага тооцох ёстой” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу