Түгжрэлийг шийдэх Засгийн газрын шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх вэЖилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно гэсэн судалгаа байдаг.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 800 км орчим. Үүнээс барилгажсан хэсэгт нийт сүлжээний 70 хувь, гэр хороололд 30 хувь оногдоно. Ингээд бодохоор барилга байгууламж төвлөрсөн газруудыг хэрхэн сийрүүлэх вэ, эсвэл хэрхэн бүр олон замтай болох вэ гэсэн асуулт гарч ирнэ.        

Бүх цаг үеийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудлыг цэгцлэхээр дээрээ ч, доороо ч арга сэдэн ажиллаж байгаа нь харагдаж буй. Засгийн газар, нийслэлээс үүнд онцгойлон анхаарал хандуулснаар 2022 онд 415 автобусаар парк шинэчлэл хийсэн юм. Мөн энэ жил 810 автобус оруулж ирэх бөгөөд ингэснээр 1225 автобусаар буюу иж бүрэн парк шинэчлэл хийхээр ажиллаж байна. Мөн эдгээр автобусны нэгдсэн парк байгуулах ажил ч Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж эхэлсэн. 

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр иргэдийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулна гэж тооцсон байдаг. Мөн дугаарын хязгаарлалт тогтоон, аль болох л бага машин хөдөлгөөнд оролцуулахаар ажлуудыг эхлүүлсэн.

Гэтэл ард иргэд өөрийн машиндаа хоёр улсын дугаар авах, гэр бүлийн гишүүд дундаа хоёр болон түүнээс дээш машин хэрэглэх гэх мэт хязгаарлалтад аль болох орохгүй гэх хандлагатай байх юм.

Яагаад гэвэл одоо хэрэглэж байгаа автобусанд олон хүнтэй чихэлдэж явах, 1-2 цаг автобус хүлээхийг хүсэхгүй байгаа юм. Жаахан тэсчихвэл ч үлдсэн 810 автобус маань ороод л ирнэ. Тэсээд, түгжрээд, даараад зогсож бай гэсэн үг биш. Харин машингүй өдрөө дугуйгаа унаад, алхаад, автобусандаа суугаад, ажлаа амжуулж байвал нохойн дууг хамтдаа сонсох байх. 

Түгжрэлтэй тэмцэж буй их ажилд хувийн хэвшлүүд ч мөн нэгдэж эхэллээ. Ганц удирдлагаа хараад, ажлаа дийлэхгүй байгааг нь харсан уу, яасан. Түрээсийн скүүтэр, түрээсийн дугуй гэх мэт үйлчилгээ оруулж иржээ. Жишээ нь, “Jet scooter Mongolia” скүүтэр түрээсийн үйлчилгээ, “Hi Sainuu” унадаг дугуй түрээсийн үйлчилгээ гэх мэт.

Эдгээр нь бүх талаараа иргэдийн хөдөлгөөнийг хялбарчлах бүрэн боломжтой. Мэдээж зориулалтын замын асуудал яригдана. Одоо байгаа дугуйн зам дээр нэмээд “2030 он гэхэд 602 км дугуйн замтай болно” гэсэн мастер төлөвлөгөөг Нийслэлийн замын хөгжлийн газраас гаргасан байдаг. 

Эдгээр зам бүтээн байгуулалтын ажлууд ч хийгддэгээрээ хийгдэж байна. Шинээр тавьж буй хоёр гүүрийн ажил ч ирэх саруудад дуусах төлөвлөгөө, биелэлттэй байна. Харин бодит байдал дээр яагаад түгжрэл буурахгүй, өнөөх дугуй скүүтэр тэр бүр нөлөөлөхгүй байна вэ?

Замын нэгдүгээр эгнээг чөлөөлөөд, автобусаа ядаж чөлөөтэй явуулах гэтэл хэдхэн хоног дотор буцаад л таг түгжрэл болчихоод байдаг. Уг нь амраа бодоод “Та дугуй унаад яваарай” гэсэн ч суудлыг нь хулгайлж, дөрөөг нь хугалаад, ус гол руу чулуудчихдаг нь даанч харамсалтай.

Скүүтрийг нь машинд ачаад, гэртээ аваачна, эсвэл бариулыг нь хугалаад, тэр чигээр нь нуучихна. Нөгөө хэсэг нь бараг дахин өөр дугаартай машин аваад, хязгаарлалтад орохгүйгээр давхина гэх нь холгүй л байна. Яавал түгжрэлгүй амар тайван, сэлүүхэн амьдрах юм бол?

Улаанбаатар хот хаяагаа тэлж, хүн амын нягтралыг бууруулах гэж тал тал руугаа зүтгэсээр. Үүнийгээ дагаад хэд хэдэн томоохон авто замын сүлжээ ч баригдаж байна. Бүрэн дуусаж, үр дүнгээ харуулах хүртэл бодит байдлаа ойлгоод, хэсэгтээ машинаа цөөлөх ажилд хүн бүр оролцвол уг нь ахицтай баймаар.

Гэтэл дохиур бариад зогсож буй цагдааг зандрах, түрээсэлж унасан дугуйгаа эвдлээд, усанд хаячихдагийг бодохоор иргэд бидэнд ч мөн маш том асуудал байна. Бүр маш том асуудал. Хаана хаанаа бидэнд соёл, тэвчээр хэрэгтэй тухай огт сонсож байгаагүй мэт аашилна.

Гарт байгаа хөзрөө ашиглаад, жаахан хугацааг аятайхан өнгөрөөчихвөл бидэнд хөгжлийн дараагийн үе рүүгээ орох боломж бий. Гэхдээ хүний дор орохгүй гэсэн монгол зан маань хөдөлбөл гартаа байгаа хөзрөө чулуудчихаад, газрын модноос гайгүй том хөзөр сугалаад ,гартаа барьчихна даа. Ингээд л нэг нэгнийхээ дээр гарахаар овооролдож, шамбааралдаж аж төрсөөр л байх болно.

Мэдээж гарт буй хөзөр гэдэг нь одоохондоо болон цаашид ч хэрэглэж болох скүүтэр, дугуй түрээсийн үйлчилгээ юм шүү дээ. Том машинтай байсан ч, унадаг дугуйтай байсан ч А цэгээс Б цэг хүргэх нь ойлгомжтой. Чухам хэрэгцээтэй үедээ ухаалаг алхам хийхийг аль болох бие биедээ уриалж, эв эетэйгээр түгжрэлээ шийдчих боломж байгаа юм шиг л харагддаг. 

Энэ бүхнийг эргэцүүлэх, эсэргүүцэх, эгдүүцэх эрхийг уншигч танд үлдээж байна. 

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу