Аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийн төлөө дуугардаг ганц байгууллага нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим. Чиг үүрэг нь ийм л дээ. 21 аймагт салбар танхимтай, 5000 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн энэ том айлыг ирэх дөрвөн жилд толгойлох даргаа сонгох ээлжит Их хурал нь болоход цөөн хоног үлдлээ.

Их хурлаараа Танхимын дараагийн ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ тодруулна. Хэн, хэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаж байна. Өдгөө тус танхимыг удирдаж буй О.Амартүвшингийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, ирэх онд болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр шамдаж буй гэх мэдээлэл бий юм. Ардчилсан намаа ч цэгцлэх, аврах биз. Түүний оронд ерөнхийлөгч болох хүмүүсийн марафон аль хэдийнэ эхэлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, “МАК” ХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар МҮХАТ-ийн Ерөнхийлөгчийн суудлын төлөө горилж байгаа сурагтай.

Гэвч нэр дурдагдаж буй эдгээр хүмүүс өнөөдрийн байдлаар Танхимын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлж, баталгаажуулаагүй байна.

Тэд бүгд бизнес эрхлэгчид. Мөнгө олж, аж ахуйн нэгж удирдаж, ажлын байр бий болгох зовлон, жаргалыг мэдэрсэн, ашиг орлого олох эрдэмд их, бага хэмжээгээр суралцсан хүмүүс. Тэдний дунд ямар чөлөөт өрсөлдөөн өрнөх, бизнесийн салбарынхан хэр ёс зүйтэй, ардчилсан, хүнлэг, эв нэгдэлтэй эсэхийг тодоор харах өдрүүд ойртож байна. Танхимын сонгуульдаа хэрхэн оролцож, яаж хоорондоо өрсөлдөж, өрсөлдөгчөө юу гэж ярьж байгаагаас хэн нь хэн бэ гэдэг илт мэдэгдэнэ.

Танхимын ээлжит Их хурал болох сургаар эрх барьж буй нам, эсвэл аль нэгэн улс төрийн хүчин удирдлагыг нь гартаа авах гэж чичирдэг нь нууц биш. Монголд төр, улс төр хутгалдсан бүхэн дампуурдаг жамтай. Яг л төрийн өмчит компани шиг. Тиймээс Танхим улс төрөөс ангид, улс төр, бизнес заагтай байхыг харуулах ганц газар. Магадгүй сүүлийнх нь байх.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй төрийн тус байгууллагын ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа энэ сарын 18-ны өдрийн 17.00 цагт нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх юм байна. Дээр яригдаж байгаа хүмүүсээс хэн нь нэр дэвших, магадгүй шинээр хэн орж ирэх эсэх нь энэ өдөр тодорхой болно.

Эргэн сануулахад, МҮХАҮТ-ын өмнөх XX хурал нам засгийн хурал гэлтэй үүрээр тарж байсан. Бизнесийн эрүүл орчныг хүсэх захирлууд өөрсдөө эрүүл өрсөлдөөний төлөө учиртайхан өрсөлдөөсэй билээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу