Хоёр хуваагдаад байсан Монголын сагсан бөмбөгчид одоогоос яг хоёр жилийн өмнө нэгдэж, олон сайхан амжилт үзүүлэх болсон. Гэтэл Үндэсний дээд лиг эхлэхийн өмнө дахиад л хагаралдах болсонд сагсан бөмбөг сонирхогчид сэтгэл зовниж сууна.

Тодруулбал, Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “UG arena”-д эхлэх товтой. Үүнтэй холбогдуулан “BCH Гарьд”, “IHC Apes”, “Эрдэнэтийн Уурхайчид”, “Завхан Brothers”, “Тэнүүн Өлзий Металл” гэсэн таван баг Сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн.

Шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд, таван хувийг тамирчдын “Ирээдүй” холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багуудад өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаасан байв. Мөн шаардлагад хариу өгөх хүртэл ямар ч арга хэмжээнд оролцохгүйгээ илэрхийлсэн юм. 

Сагсан бөмбөгийн холбооноос багуудаас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн. Мэдэгдлийнхээ төгсгөлд “Лигийн тэмцээнд оролцох эсэх шийдвэр нь та бүхний өөрсдийн бүрэн эрх, сонголт бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны хувьд лигийн журмын 4.28-д заасны дагуу насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багийн 75-аас доошгүй хувийг лигийн тэмцээний тоглогчдоос бүрдүүлэх үүрэгтэй болохыг дурдъя. Иймд энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс лигийн журамд зааснаар төлөвлөгөөний дагуу эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн оролцоог хангаж зохион байгуулах болно” гэсэн байв.

Товчхондоо, та нартай, та наргүй лигээ зохиочихно гээд хэлчихэж байгаа юм. Үүнийг сагсан бөмбөг сонирхогчид шүүмжилсээр байтал өчигдөр Үндэсний дээд лигийн албан ёсны цахим хуудаст Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын өмнөх тоглолтуудын хуваарийг байршуулахдаа дээрх таван багийг хасаж, Хөгжлийн лигээс багууд оруулж ирсэн байв. Нэг ёсондоо Сагсан бөмбөгийн холбоо холион бантан хутгачихлаа. 

Хөгжлийн лигт 16 баг оролцож, лигийн тоглолтууд үргэлжилж буй бөгөөд шалгарсан хоёр нь дээд лигт орох эрх авдаг. Ийм зорилгын төлөө бүгд хөлс хүчээ шавхан зүтгэж байхад хэрхэн, яаж сонгосон нь ойлгомжгүйгээр таван багийг дээд лиг рүү татчихав. 

Нөгөө талаас сагсан бөмбөг сонирхогчид гал гарсан өрсөлдөөн үзэхийн тулд, хайртай багаа дэмжихийн тулд Дээд лигийг зорьж, “UG arena”-гийн суудлыг дүүргэдэг. Гэтэл үл ойлголцлын улмаас хүчтэй багуудаа хасаж, Хөгжлийн лигээс багууд оруулж ирсэнд сагсан бөмбөг сонирхогчид бухимдаж, “Юуг нь үзэх вэ дээ, авсан тасалбараа буцаамаар байна” хэмээн ярьж байна. 

Багийн эзэд, хөрөнгө оруулагчид ч цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх болсон. Тухайлбал, IHC Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудастаа “Багууд ер нь хамтраад лигээ хийх болж байх шиг байна. Бидний шаардлагыг хүлээн авах боломжгүй юм байна. Хөлбөмбөгийн холбоо уг нь багууддаа лигээ зохиох эрхийг өгчихсөн гэнэ.

Сагсан бөмбөгийн холбоо маш сайн ажиллаж байгаа, тэрийг хэзээ ч үгүйсгэхгүй. Гэхдээ багууд нь одоо бизнесийн зарчмаар явахгүй бол ирэх жил оршин тогтнох үгүйтэй болчихоод байна. Дайсагнасан, хуваагдсан зүйл огт байхгүй. Бид бизнесийн лигээ хийе” гэсэн байгаа юм.

Сагсан бөмбөгийн төлөө нэгэн үе хүчин зүтгэж явсан Б.Мандуул “Монголын сагсан бөмбөгт болоод байгаа зүйл ил байгаа шигээ энгийн зүйл биш бололтой. Хэрэв гурван тал зөвшөөрвөл цуглаж суугаад, нээлттэй ярилцаж, асуудлаа шийдэхгүй юмаа гэхэд үндэслэлүүдээ гаргаж тавиад, хүлээлтээ нэгтгэх дээр дараах саналыг дэвшүүлж байна.

Маргааш буюу Баасан гарагт, 14 цагаас Mongol TV-ын шууд эфирт МСБХолбоо, лигийн багийн эзэд, мөн тамирчдын холбооны төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү хэлцлийг би хувийн зүгээс зохион байгуулж байгаа бөгөөд одоогоос 10 жилийн өмнө болсон “Их Гацаа” дахин бүү тохиолдоосой гэж дээрх саналыг хүргэлээ. Та бүхэн эв эеийг хичээнэ гэж найдаж байна” хэмээн талуудыг урьжээ.

Одоогийн байдлаар багийн эзэд очихоо илэрхийлээд байгаа бол нөгөө хоёр тал хэрхэх нь тодорхойгүй байна.  

Ямартай ч Үндэсний дээд лиг эхлэхэд зургаа хоногийн хугацаа үлдлээ. Үүнээс өмнө талууд нэгдэж, тохиролцож чадах уу гэдгийг сагсан бөмбөгт хайртай, дуртай үзэгч, дэмжигчид чих тавин хүлээж сууна. Монголын сагсан бөмбөг хуваагдаж, талцсанаас болж их цаг хугацаа, боломж алдсан гэдгийг түүх гэрчилнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу