Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хааж буй залуус амиа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ онд зургаан цэрэг амиа алдсан гэх мэдээлэл бий юм. 

Үүнээс болж цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо жил ирэх тусам буурсаар байна. Уг асуудалд цэргийн алба хаасан залуу, оюутан, ахмад настан, Батлан хамгаалахын сайд зэрэг тал талын төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

“ЗАЛУУЧУУДЫГ ИХ СУРГУУЛИА ТӨГСТӨЛ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТДАГГҮЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ”

50 настай иргэн Д.Баттулга: Цэргийн алба гэдэг залуучуудыг эр хүн болгодог газар. Гэхдээ тэнд ажиллаж байгаа албан тушаалтнууд зүй ёсоор ажиллаж чадаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд 10 орчим цэрэг амиа алдсан гэж байна. Энэ маш харамсалтай тоо.

Нөгөө талаас одоогийн залуучууд “нялцгай” байна. Тэгэхээр хүүхдүүдээ ажил хийлгэж сургах, хөдөө явуулах хэрэгтэй. Мөн залуус сурах сонирхол өндөртэй байдаг байх. Гэтэл суралцаж байх үед нь, сургуулийн бичиг, тодорхойлолтоо үзүүлээд байхад нь аваад явчихдаг юм шиг байна. Оюутнуудыг сургуулиа төгстөл цэргийн албанд татдаггүй байх хэрэгтэй. 

“ЦЭРЭГТ ЯВАХГҮЙ ГЭДЭГ БОДОЛ МААНЬ УЛАМ Л БАТЖИЖ БАЙНА”

2-р дамжааны оюутан Б.Дагвадорж: Одоохондоо надад цэргийн зарлан ирээгүй. Цэргийн талаар таагүй мэдээлэл сонсогдоод байгаа учраас цэрэгт явахгүй гэж бодож байсан. Энэ бодол маань улам л батжиж байна. Цоо эрүүл залуус цэрэгт татагдаж яваад, амиа алдаад байхад юу бодож тийшээ явах юм бэ. Би хөдөөнийх болохоор хар бор ажил өчнөөн л хийдэг. Ажилд дайчлагдахад зовох юмгүй. Гэхдээ цэрэгт явах амиараа дэнчин тавьж байгаа юм шиг л санагдаж байна. 

“ЖАГСААЛЫН ДАРГА, РОТЫН ЗАХИРАГЧ НАР ЦЭРГҮҮДДЭЭ ХАЙРТАЙ БАЙДАГ ЮМ, МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ЗОДОЖ, ЯРГАЛДАГ ГЭЖ ЗОХИОЖ БАЙНА”

Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хаасан Д.Дашням: Би 2021-2022-онд зэвсэгт хүчний 0326-р ангийн 23ММ 2-р салаанд алба хаасан юм. Ийм хэрэг болсон нь үнэхээр харамсалтай. Хүн амиа алдсанд, мөн зэвсэгт хүчний нэр хүнд унасан гээд бүх зүйлд харамсаж байна. 

Хугацаат цэргийн албанд шинээр татагдан ирсэн залууст цэргийн албанд дасан зохицох 45 хоногийн хугацаа гэж бий. Бидний яриагаар “каринтины” хоногууд. Цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, унтахдаа унтаж, гүйхдээ гүйж, нормын дагуу бэлтгэл сургуулилтаа хийдэг. Зарим хүмүүсийг хараад, сонсоод байхад тухайн цэргийг зодож, яргалж байгаад алсан гэх зэргээр нүдээр харсан мэт ярьж байна. Би үгүй байх гэж бодож байна. 

Жагсаалын дарга, ротын захирагч цэргүүддээ үнэхээр хайртай байдаг юм. Цэргүүдээ халагдахад хүртэл дагаад уйлж, мэнд устай яваарай гэж захидаг. Энэ үгээрээ би алба хаасан ангиа өмөөрөх гэсэнгүй. Гэхдээ цэргийн албаны нарийн дэг журмыг мэдэхгүй байж битгий зохиогоод бай гэж хэлмээр байна. Залуугийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. 

Г.САЙХАНБАЯР: ЦЭРГИЙН АЛБАНД ЯМАР Ч ЯРГАЛАЛ БАЙХГҮЙ. ЗЭВСЭГТ ХҮЧИН, ИРГЭД ХООРОНДЫН ХАРЬЦААГ ХАГАЛАН БУТЛАХ ГЭЖ БАЙНА

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Цэргийн алба хаагчдыг нэгнээ яргалдаг гэж бичээд байна лээ. Тийм зүйл цэргийн албанд байхгүй. Энэ бол гүтгэлэг. Ард түмний толгойг эргүүлж байна. Зэвсэгт хүчний салбар иргэд хоорондын харилцааг хагалан бутлах гэсэн санаатай зүйл яваад байна уу гэж бодож байна.

Хэрэв манай цэргийн алба, анги байгууллагаас алба хаагчид хоорондын харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудал байвал манай бүх шатны алба хаагчид болон миний бие хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. 0326 dugar angid yargachid Zondoo bga da xudala yu ch chadaxgvi nusan taglanud xudala taxalzaad ywdg bz bogsoo oligtoi archij chadaxgvi bj musai golognvvd xvnii saihan vriig tgj aldag 0326 dugar Angid aygvi bol nele alurchid bga da

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу