Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр (2023.11.27) шатахууны нийлүүлэлтийн талаар хэвлэлд мэдээлэл өгчээ.

Тэрбээр “2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсад 95,000 тонн дизель түлш орж ирсэн. Үүнээс 7000 орчим тонныг БНХАУ-аас, үлдсэнийг нь ОХУ-аас авсан. Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90,000 тонн байдаг.

Өнөөдөр шатахууны хомсдол үүссэн. Хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин болон дизель түлш ОХУ-аас орж ирээгүй. Бүх нөөцөө шавхсан. Энэ нөлөө үргэлжилсээр байна.

БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд, импортлогч ААН-үүд өнгөрсөн Баасан гарагт мөнгийг нь төлсөн. Энэ нь 4-5 хоногийн хугацаанд орж ирэх байх. БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмж байгаа гэсэн үг. Тэр хүртэл хугацаанд ОХУ-аас орж ирсэн дизель түлшээрээ тэсэх хэрэгтэй байна.

Хятадаас шатахууныг хангалттай хэмжээгээр импортлох гэж байгаа учраас тав хоногийн дараа нийлүүлэлт хэвийн болох хүлээлттэй байна. Үүнээс өөр арга зам байхгүй. Монгол Улс муу ажиллаад, ААН-үүд нь буруу төлөвлөөд ийм байдалд хүргэчихээгүй.

Засгийн газраас ОХУ-д бүх талын хүсэлтээ тавьж байна. Тус улс дотооддоо маш их асуудалтай байгааг бүгд мэдэж байгаа. Төмөр зам ачааллаа дийлэхгүй байна. Ангарскийн газрын тосны үйлдвэрт хэд хэдэн гэмтэл гарч, томоохон засвар хийсэн гээд яривал бэрхшээл их байна.

Франц, Герман, Япон, БНСУ бидэнтэй адил хоригт орсон. Гэхдээ тэд далайд гарцтай учир үнэтэй ч хамаагүй Араб, Венесуэл, Индонезоос авчихаж байна. Үүнээс нь болоод  Франц, Герман зэрэг улсад бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 3-4 дахин өссөн юм билээ.

БНХАУ дэлхийн хамгийн том импортлогч учир тэр болгон квот гаргаж өгөхгүй. Өөрсдөө импортоор авч байгаа улс шатахуунаа илүүчилж зарна гэдэг ямар байх нь ойлгомжтой” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу