Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхлэхийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбоо болон багийн эздийн хооронд багагүй маргаан дэгдэж, сагсан бөмбөг дахин хоёр хуваагдахаа шахсан билээ. Энэ үед волейболын дээд лиг “чимээгүй” эхэлж байв. Эхний тойргийн тоглолтууд явагдаад дундаа орж байхад лиг эхэлснийг ч мэдээгүй хүн олон байсан. Ингэж эхэлсэн волейболын Үндэсний дээд лиг хоёр дахь тойргоосоо маргаан дагуулж эхэллээ. Тодруулбал, хоёр тамирчныг тоглуулахгүй байх шийдвэр гаргасан юм. 

I. Лигт анх удаа холбогчоор ирсэн “Ховд Алтайн барс” клубын легионер тамирчин Мотокиг тоглуулсангүй

Монголын волейболын түүхэнд анх удаа холбон тоглогчийн байрлалд легионер тамирчин авчирсан. Тэр нь “Ховд Алтайн барс” клубт тоглохоор ирсэн Мотоки байв. Гэтэл эсрэг багийн тамирчид нь түүнийг тоглуулахыг зөвшөөрөөгүй учир лигээс хасжээ.

Энэ талаар Мотокиг урьж авчирсан “Ховд Алтайн барс” клубээсАнх тэмцээний удирдамжийг удирдлага болгон тус клубээс 1-р тойрог дуусахаас өмнө Тэмцээн зохион байгуулах хороонд албан бичгээр нөөцөд байгаа легионер тамирчнаа үндсэн тамирчны жагсаалтад оруулах хүсэлт гаргаж, Япон улсаас легионер тамирчин авчирсан. (Мэдүүлэгт легионер тоглогч гэдгээр орон тоо нь байсан учраас мэдүүлэгт байгаагүй хүн тоглуулаагүй гэсэн үг)

Хоёр ч удаа тоглолтод оролцоод, хэвийн явж байхад өрсөлдөгч хоёр багийн зүгээс техникийн зөвлөгөөний урьдчилсан уулзалтад нөөц тамирчинд легионер байна гэж ярилцаагүй гэх утгатай зүйлийг гаргаж ирэн, тоглуулмааргүй байна гэдэг хүсэлтийг МВХ-д өгч, түүний дагуу холбооноос шийдвэрээ өөрчилж, тоглуулахгүйгээр шийдвэрлэсэн.

Зарчмын хувьд манай баг үндсэн хоёр легионер тоглогчтой, гадаадаас анх удаа холбон тоглогч ирж, волейболын хөгжилд түлхэц болж байгаа, цаашлаад лигийн чанар чансаа бусад холбон тоглогч нар болон волейбол сонирхогч хүүхдүүд үзэж харах зүйлтэй болж байгаа бөгөөд гажуудуулсан, будлиантуулсан зүйл огт хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, МВХолбоо болон багууд гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна” хэмээн мэдэгдэл гаргасан юм. 

II. Гаднын лигт тоглохоос татгалзан, Монголдоо тоглохыг хүссэн Г.Хандсүрэнг тоглуулсангүй

Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн энэ жил “Ховд Ижил Алтайн Барс” клубээс нэг тоглолтод оролцоод, дахиж тоглоогүй. Үүнд олон хүн гайхаж, асуултын тэмдэгтэй явсаар байв.

Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ “Би ес орчим жил Японд бэлтгэл хийж, гадны лигт мэргэжлийн легионер тамирчнаар тоглосон. Өнгөрсөн жил “Улааанбаатар” багаас тоглож, лигийн мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ жилийн тухайд Волейболын холбоо болон клуб хоёрын дунд үл ойлголцол үүссэнээс болж миний бие лигийг өнжихөд хүрээд байна.

Гадагшаа тоглох тамирчин авдаг International transfer certificate /ITC/ гэж зүйл бий. Би үүнийг гурван удаа авсан. Энэ нь тухайн тамирчин олон улсад тоглох боломжтой, ямар нэг асуудалгүй, хэрэгт холбогдож байгаагүйг баталж, дугаар олгодог юм. Өөрөөр хэлбэл, ITC-г авсан хүнийг легионер тамирчин гэж ойлгож болно. Үүн дээр л ойлголцлын зөрүү гарч байгаа юм.

“Ховд Ижил Алтайн Барс” клубт монгол легионер тамирчнаар тоглох боломжтой гэсэн яриа клуб болоод Волейболын холбоо хоёрын дунд гарсан. Яагаад монгол легионер гэдэг нэршил гаргах болсныг нь ойлгоогүй. Гэхдээ би ITC авсан, Монголд ирж байгаа легионер тамирчидтай адил түвшинд гаднын лигт тоглодог учир ингэж байгаа юм байна гэж ойлгосон. Тиймээс клубт өгч байсан мэдэгдлийн дагуу хоёрдугаар тойргоос өмнө легионер тамирчидтай адил нэрээ өгч, гэрээ хэлэлцээр хийсэн.

Ингээд Ховд “Ижил Алтайн Барс” клубээс нэг удаа тоглосон юм. Тухайн тоглолтын дараа гэнэт “тоглох боломжгүй” гэж холбооноос мэдэгдсэн. Шалтгаан нь монгол хүн легионер тамирчин гэж нэрлэгдэх боломжгүй гэсэн байна лээ. Тэгэхээр “монгол легионер” гэдэг нэршилд ойлголцлын зөрүү гарчихлаа.

Японоос намайг эргэж багтаа ирж, нэг сар бэлтгэл хийгээд, нэгдүгээр дивизоны клубт тоглох санал тавьсан. Гэрээ хийхээр болж байтал хувийн асуудал гараад, түр хойшлуулсан юм. Тэр хооронд надад лигт тоглох саналууд ирж эхэлсэн. Тиймээс Монголдоо тоглоно гээд, Японы багийн саналаас татгалзсан” хэмээв.

Ийм байдлаар анх удаа холбогчоор ирсэн легионер, гаднын улсын саналаас татгалзан, Монголдоо тоглохыг хүссэн тамирчин хоёрыг Волейболын холбоо нь тоглуулсангүй. Үүндээ холбооноос ямар нэгэн тайлбар гаргаагүй байна. Тиймээс тэднийг буцаан тоглуулахыг волейбол сонирхогчид шаардаж эхэллээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. handaag togluulaachee naad hvn chine mongol ulsin irgen mono shvv dee ygaad ylgaad baigaa ym beef togluulhig shaardaj bain

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу