“Оюутолгой” болон “Эрдэнэт” үйлдвэрийг дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэртэй харьцуулсан, олон улсын өрсөлдөх чадварын судалгааны үзүүлэлтээр Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд долдугаарт, зэс олборлолтоор 13, зэсийн баяжмалын экспортын худалдаагаар зургадугаарт, БНХАУ-ын зэсийн баяжмалын импортын худалдаанд гуравдугаар байрыг тус тус эзэлж байгаа ажээ.

Уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ, Техникийн ухааны доктор Д.Галсандорж нар энэ талаар “Оюутолгой, “Эрдэнэ” үйлдвэрийн олон улсын өрсөлдөх чадварын харьцуулсан судалгаа” бүтээлдээ онцолсон байна.

Уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ “Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн уурхайг дэлхийн хэмжээний зэс үйлдвэрлэдэг 12 орны нийт 15 үйлдвэртэй харьцуулахад техник, технологи, нөөц боломж, одоогийн явуулж буй үйл ажиллагаа нь тодорхой хэмжээний өрсөлдөх чадвартай, дундаж үзүүлэлтэд байгаа. Цаашид манай улс зэсийн хоёр том үйлдвэрээ үр өгөөж, ашигтайгаар урт хугацаанд ажиллуулж, техник, технологийг улам боловсронгуй болгоход одоогийн байгаа бодит байдалд зөв дүгнэлт хийх ёстой. Бидний гаргасан ном үүнд чиглэсэн байна” гэв.

Техникийн ухааны доктор Д.Галсандорж “Бид олон улсын зэсийн салбар, тэр дотроо зэсийн үйлдвэрлэлийн үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа, зэсийн олон улсын томоохон төслүүдийн гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийн судалгаанд үндэслэн номоо гаргасан.

Зэсийн үйлдвэрлэлийн олон улсын өрсөлдөх чадварыг зэсийн нөөц хэмжээ, олборлолт, баяжуулах хүчин чадал, зардал болон далд болон ил уурхайн нийлбэр хүчин чадлын хэмжээ, техникийн түвшин буюу зэсийн (тэр доторх алт, мөнгөний) металл авалтын хэмжээ зэргийг зэсийн томоохон уурхайтай харьцуулсан байдлыг харгалзан үзэж шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг.

Дээрх шалгуур үзүүлэлтээр Монгол Улсын зэсийн уурхайн үйлдвэрүүдийг авч үзэхэд, Оюутолгойн уурхай 3.5 тэрбум тонн хүдрийн нөөцөөр дэлхийн хэмжээнд тэргүүлэх уурхайны нэг болж байна” хэмээн хэлэв.

Монгол Улсын хүдрийн нөөцийг цэвэр металлаар авч үзвэл, 44 сая тонн цэвэр зэс, 1185 тонн алт, 11.897 тонн мөнгө, 87 мянган тонн молибден болж, Оюутолгойн бүлэг ордууд дэлхийн тэргүүлэх Индонез улсын “Грасберг”, Чилийн “Эскондидо”-гийн уурхайн дараагаар дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэрийн дотор гуравдугаарт орж буй аж.

Ил уурхайн хүчин чадал дундаж түвшинд байгаа бөгөөд далд уурхайн үйлдвэрлэл төслийн хүчин чадалд хүрээх үед дэлхийн эхний 5-д тооцогдох баяжуулах үйлдвэр болох төлөвтэй байгаа юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу