Гунан үхрийн эвэр хөлдөх гурван ес гарч жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Авто замын түгжрэл, халтиргаа гулгаанаас эхлээд нийслэлчүүд бидний санаа зовох, анхаарлаа хандуулах зүйл бишгүй их.
Дугаарын хязгаарлалтаас үүдэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж үүнийг дагасан амьсгалын замын болон томуу, томуу төст өвчний тохиолд ч ихэссэн байна. Ханиад томуугийн идэвхжилийн улирал нь арван нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл. Энэ хугацаанд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжих нь хамгийн чухал.
Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бид цахим орчинд бухимдлаа илэрхийлж, бодлого шийдвэрийн тухай хэлэлцэхээс илүү эрүүл мэндэд нь анхаарч зааж, зөвлөж халуун дулаанаар амьдрах нь илүү үнэ цэнтэй. Иймээс дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 
Өвлийн улиралд хүний биед гардаг өөрчлөлтүүд
  1.  Цусан дахь сахарын түвшин нэмэгдэнэ

Агаарын даралт буурснаас болж стрессийн даавар болох кортизоны түвшин нэмэгддэг бөгөөд энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэг. Тиймээс өвлийн улирал сахарын түвшин эрс нэмэгдэх магадлалтай байдаг аж. Энэ нь мэдээж, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдөд аюултай. Тиймээс цусан дахь сахарын түвшин ихсэхээс сэргийлэхийн тулд хооллолтондоо маш сайн анхаарах хэрэгтэй юм.

2. Арьсны чийгшил алдагдана

Өвлийн улиралд хүмүүс уруулаа их долоох нь ажиглагддаг. Энэ нь хүйтний улиралд агаарын даралт буурч, арьсны чийгшил алдагддагтай холбоотой. Тиймээс арьс харшлын эмч нар уруулаа долоохоос зайлсхийж, зориулалтын тос түрхэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг.

3. Шингэний дутагдал

Хүйтний улиралд арьс төдийгүй бие бүхэлдээ шингэнээ алддаг. Гадаа хүйтэн байгаагийн улмаас ам цангаж байгаа нь төдийлөн мэдэгддэггүй. Тиймээс 2 цаг тутам нэг аяга ус ууж байгаарай. Хэрвээ та тогтмол ус ууж хэвшихгүй бол, энэ нь яваандаа даамжирсаар шингэний архаг дутагдалд оруулдаг байна. Дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд: 

  • Бие засах үед өвдөх
  • Юм амархан мартах
  • Сэтгэл санаа тавгүйрхэх
  • Цусан дахь холестерол ихсэх
  • Цээжээр хатгуулж өвдөх. Үүнээс сэргийлэхийн тулд тогмтол халуун бүлээн зүйл уух хэрэгтэй.

4. Шүдний мэдрэмтгий байдал

Шүдний ломботой, хиймэл шүдтэй хүмүүсийн хувьд агаарын даралт буурах нь тухгүй байдлыг мэдрүүлдэг. Азаар хүйтний улирал нь шүдэнд тийм ч ноцтой асуудлыг учруулдаггүй.Тиймээс хэт мэдрэмтгий шүдтэй хүмүүс шүдний эмчийн зөвлөсөн оог хэрэглэх нь зүйтэй.

5.Үе мөчний үрэвсэл сэдрэх

Үе мөчний үрэвсэлтэй хүмүүсийн өвчин нь хүйтний улиралд сэдрэх магадлалтай байдаг бөгөөд үүнийг ихэнхдээ агаарын даралтын түвшин бууж байгаатай холбож тайлбарладаг. Үе мөчний үрэвсэл сэдрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд дасгал сургуулилт хийж, дулаан гутал, ороолт, малгай, бээлий өмсөж байх хэрэгтэй юм.

6. Тархиар хатгуулж өвдөх

Хүйтэн, сэрүүнд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болдог тухай мэргэжилтнүүд зөвлөдөг. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг аж. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
•    Архаг өвчин сэдрэх
•    Тархиар хатгуулж өвдөх
•    Хараа, сонсгол муудах
•    Нулимс гоождог болох
•    Нойр муудах
•    Мэдрэлийн суурь өвчин үүсэх
•    Ой тогтоолт муудах
•    Стрест өртөж ажлын чадвар буурах
•    Хуйхны эрүүл орчин алдагдах
•    Үс хуурайшиж, өнгөө алдах зэрэг эрсдэлтэй. Иймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр  дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. 

Хүний биед гарч буй өөрчлөлтийг тэр болгон анзаардаггүй байж болох ч цаг алдалгүй урьдчилан сэргийлэх нь таны болоод ойр дотныхоо өвчин эмгэгээс хамгаалах боломж юм. Харин хоол хүнсний тухайд эрт дээр үеэс монголчууд өвөл идшээ бэлдэж, махан хоол голдуу идэн, зуны улиралд цагаан идээгээр болгодог байсан нь галын илчтэй уялдуулан зөв хооллож байсныг илтгэнэ.

 Суурин иргэншилтэй болох тусам зөв хооллох, улиралдаа тохируулан идэх зүйл ховордож ходоод, эс шингэх өвчнөөс эхлээд дотор өвчнөөр өвчлөх нь ихсэж байгааг уламжлалтын эмч нар хэлдэг. “Идэж байгаа хоол чанарлаг бөгөөд шимтэй, хий шар бадганд тохирвол тамир тэнхээг тэтгэдэг төдийгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь сэтгэлд зохистой байваас эмчилгээ болно” гэж уламжлалт анагаах ухаанд өгүүлжээ. 

Өвлийн улиралд эрүүл мэндээ дэмжих зорилгоор хэрэглэвэл зохих дараах хоол хүнсийг санал болгож байна. 

  • Адууны мах:  Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой. 
  •  D амин дэмээр баялаг хүнс: Өндөг, загас, мах, элэг, цөцгийн тос, сүү: 

    Эдгээр хүнснүүд дархлааг сайжруулж, арьсны байдал, хараа, ой тогтоолтыг сайжруулдаг. Цагаан идээ, малын мах, загасны мах, түрсийг аль ч улиралд үргэлж хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ гол нь өвлийн улиралд барьсан загасны мах идвэл илүү баялаг тэжээлтэй байдаг. Мөн яг энэ үед малын сүү бага гардаг ч, өтгөн тослог байдаг. 
  •  Хөлдөөсөн жимснүүд:  Урьд нь хүмүүс нөөцөө борцлох, хатаах, хөлдөөх зэргээр бэлддэг байсан билээ. Хоол судлаачид энэ уламжлал руугаа эргэн очихыг зөвлөж байна, ялангуяа жимсээр чанамал хийж байснаас хөлдөөгчинд хөлдөөх нь илүү хялбар юм. Хөлдсөн жимс чанамалаа бодвол ашигтай бактер, амин дэм ээ илүү сайн хадгалдаг байна.
  • Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9 хувийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3 хувь , тос 0.9 хувь , эслэг 2.4 хувийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
  • Сонгино, саримс: Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Сонгино нь эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана.
  • Айраг: Айраг нь хүний биеийн дархлааг эрчимтэй дэмждэг. Мөн саамыг халуунаар уух нь элэгний архаг өвчтэй хүнд зохино. Шар тос Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгож, уушгины хатингарыг арилгана. Мөн үсний уналтыг зогсоож, нүдний цогийг бадраан өлчир халуунд цангаа сайн тайлдаг.
  • Тараг: Тараг нь өмөн үүний эсрэг хүчтэй нөлөөлдөг дархлалын системийг идэвхжүүлэх чадвартай янз бүрийн хорт хавдар үүсгэгчийн эсрэг хүчтэй нөлөөлдөг.

Ийнхүү “өвөл амтлаг, исгэлэн, давстай хоол, адуу, үхрийн мах, цагаа, тослог хоол иднэ. Хоол унд багадвал тамир муудна. Бүлээн чанартай голдуу амьтны гаралтай хонь, үхэр, адууны мах, бурам, тос, давсалсан ногоо зэргийг цадтал идэж хэрэглэнэ” хэмээн монголчуудын уламжлалт анагаах ухаанд өгүүлсэн байна.

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм. Та өөрийгөө болон хайртай гэр бүлийнхээ төлөө эрүүл хооллолт, дулаан хувцаслалтад заавал анхаарал хандуулаарай. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу