Н.Номтойбаяр улс төрд эргэн ирснээ зарлав. Ингэхдээ хар багын найзуудаа түшин, анхнаасаа мөр зэрэгцэн явсан МАН-ыг түшсэнгүй. Тэднээс тулах цэг хүссэнгүй. Дэндүү дураараа, дэндүү омголон гэмээр түүний сонголт Монголын ногоон нам, Монгол үндэсний ардчилсан намын хамтарсан “Үндэсний эвсэл” байлаа.

Оны өмнөөс л “Номт Монголын ногоон намыг худалдаж авчээ” гэсэн яриа Төрийн ордонд нисэж байсан. Тэр намын дарга биш, эвслийн даргаар энэ удаа улс төрд эргэн ирж байна. Гэхдээ олны хардлага шиг Монголын ногоон намыг “худалдаж” авсангүй.

Олзодын Бум-Ялагч намын тэргүүн хэвээрээ байгаа аж. Харин тэр эвслийг тэргүүлэхээр болж. Хатуухан хэлэхэд, олон жил улс төрийн тавцанд тоглолт хийсэн ч олигтойхон гол дүр болж чадаагүй тэд ийнхүү улс төрийн тайзнаа цоо шинэ лидертэй эргэн “төрж” байгаа юм.

Галтай, цогтой дүрэлздэг улс төр сүүлийн хэдэн жил МАН-ын уугиулсан утаа майд сүлэгдэн утгаа алдсан. Сонгууль дөхөн уугиж байсан улс төрд гал нэмэн орж ирж байгаа нь энэ юм байх, Н.Номтойбаяр.

Ямар ч байсан “Үндэсний эвсэл” хэмээх бүх монголчуудаа эрдэм номтой, эдийн засгаараа баян хүчирхэг Монголыг бий болгохыг зорин, тэр эвсэх хүчийг “Монгол” хэмээн нэрлэв.

Өнөөдрийн Монголыг тэр “Өрөөлд дээрэлхүүлж, хойш урагш хяламхийн хардаг, гаднаа хямралтай, дотроо айдастай байна” хэмээн оношилжээ. Дэндүү их бухимдал, стресс, улс гэр уруудаж, уутны амаа гөвж, бүрэн Монгол нурах болсон ганцхан шалтгаан нь шунал хэмээн үзжээ. Ямар сайндаа “Бага шуналаас их шунал үүсдэг” хэмээх титэм үг гарсан байх вэ дээ.

Н.Номтойбаяр өмнөх болон одоо үеэ “Үе үеийн улстөрд бие биенээ үл тэвчиж, эрх мэдэл, албан тушаал, отго жинсний төлөөх талцал тэмцэл, атгаг санаа, атаа жөтөө, авлига хээл хахууль гээд улстөр шуналд идэгдэж, улмаар улс төр нь утга зорилго, эрх ашгийн эрэмбэ, удирдах чадамжаа алдаж гажуудсан” хэмээн алгадав.

Дэд сайд, сайд, УИХ-ын гишүүний албыг хашиж явсан тэрбээр өнгөрсөн үеийн ах нараа, өөрийн байсан улс төрийн цаг хугацааг ч ингэж “үнэлж” байгаа нь олон хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж мэдэх ч “Хаан шалдан байна” гэдгийг ил цагаан хэлчихэж байгаа юм.

“Улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоох” гол зорилгыг тээж, монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсаныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улстөрийн намуудын чадахгүйг чадна хэмээн ноход шуугиулсаар орж ирлээ.  

Ардчилал бол иргэдийн гарт засаглах эрх байх, эрх мэдэл нэг талд төвлөрөхөөс хамгаалж, хууль тэгш үйлчилж, нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх хангагдаж, хөгжлийн суурь тавигддаг зүй тогтолтой ч өнөөдөр бид хүсээгүй ардчиллынхаа үйлийн үрийг үүрч явна.

Магад туулах ёстой л ардчиллын зам байлгүй хэмээн иргэд хөлсөө шудран урагшилж байгаа бол Н.Номтойбаяр “Монголд ардчилал байхгүй. Эрх мэдэл иргэдэд биш, улс төрийн намын удирдах бүлэглэлд төвлөрсөн. Монголд хууль хүний царай хардаг. Төр төмөр нүүрээ үзүүлдэг “ул”-ны тодотголтой доод нэгэн давхаргатай, төрийн нэрээр дургидаг “Улс төр”-ийн гэгдэх дээд нэгэн давхаргатай” болсныг хэлсэн. Үнэхээр улнаас доош унах газар бидэнд үгүй тул ул хавьдаа л ард түмэн өдөр өдрийн тоос хөдөлгөн өнхөрч байна.

Өнөөдөр Монгол Улсад “шударга ёс” хэмээн хамгийн сайхан үгийг хамгийн худал үг болгон ашиглаж байгаа хүмүүс нь улс төрчид. Шударга шүүх, шударга улстөрч, шударга иргэн гэж ярьдаг, хүлээн зөвшөөрдөг байсан цаг нэн эртнийх болж үлдсэн байна. Тиймээс үнэ цэнээ алдсан “шударга ёс” гэх хоёрхон үгийн утгыг ард түмэн ичиж, нэрэлхэлгүй хэлдэг, шаарддаг цагийн төлөө тэр “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлэхээр болж.

Монгол Улс эдийн засгийн хөгжлийн цогц бодлого, загварчлал байхгүйн улмаас манай эдийн засаг нэг талаасаа коммунист, нөгөө талаасаа капиталист ч юм шиг ойлгомжгүй явж ирсэн талаар өмнө нь ярьдаг байв. Түүнчлэн улс төрийн нам ба төрийн мэдэлд төсөв зарцуулах эрх, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн албаны томилгооны “далд эрх” байдаг учраас төсвөөс саах, төрийн өмчийг самрах, төрийн албыг зарах гээд улс төр нь өөрөө нэгэн төрлийн ашигтай бизнес болтлоо хөгжсөн.

Улсын төсвийг “улс төрчдийг тэтгэх сан” гэж хэлэхэд хол зөрөхгүй хэмээн бухимдаж сууна. Хамгийн аюултай нь улс төрчид төсвийг сааж, төрийн өмчийг самарч, төрийн албыг зарсан ч хэзээ ч цадаж байгаагүй бирд юм. Алга дарам цаасан дээр зурах гарын үсгээс эхлээд улс төрийн наймаа эхэлдэг болохыг тэр мэдэж байгаа.

Өнөөдөр бид хувийн хэвшлийнхнээ “мөлжигч, шуналтан, дайсан” хэмээх нүдээр хардаг. Ингэж харахад болсон цонхыг улстөрчид л нээж, хамгийн чангаар хашгичиж эхэлсэн. Тиймээс л ард түмэн тэдний муу гэсэн хувийн хэвшлийнхнийг нээрээ л муу гээд ойлгочихсон юм. Улсын төсвийн бүрдүүлэлтийг муу хэлүүлдэг хувийн хэвшлийнхэн л үүрдэг гэдгийг улс төрчид мэддэг ч тэгж хэлэхийг хүсдэггүй.

Монгол эвсэж, хүчээ нэгтгэж асах, унтрахын зааг дээр байгаа цучил дээр хэт цахиур цохиж, хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Гагцхүү монголчууд бид хөгжье, баяжъя гэх нэгэн зорилго дор эв, хүчийг нэгтгэж, Үндэсний эвслийг шүүмж, зөвлөмжөөр дэмжихийг уриалсан.

“Үндэсний эвсэл” Ерөнхийлөгчийн гадаад болон ногоон бодлогыг тууштай дэмжигч, хамтрагч нь байж, авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй” тул “Овоог нь ул мөргүй устгаж” тэмцэх юм байна.

Монголын авлигачдын нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэхээ илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг тэмцэлд “Үндэсний эвсэл” хүч нэмж, ардчиллыг засах, хөрсийг сэргээн ариутгах үйлсэд АН-тай хамтран ажиллахаар зургаа зуржээ.

Ирэх сонгуульд “Үндэсний эвсэл” хэр том тоглогч болохоо харуулна. Бодсон, зорьсон, төлөвлөсөн бүхнээ улс төрд зурж үлдээх үү, хоосон лоозон болж үлдэх үү гэдгийг дөрөвхөн сарын дараа харна. Сонгууль угтан АН, МАН-аас хөөгдсөн, хасагдсан, жийгдсэн, урвасан бүхэн “Үндэсний эвсэл”-ийг зорих байх.

Гэхдээ улс төрд унаж, босож, халуун чулуу атгаж үзсэн хүний хувьд Н.Номтойбаяр эвслээ “гологдсон” улстөрчдийн хогийн тантан болгохгүй байх. Шинэ цагийн эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, энэ улсад хэрэгтэй гэсэн хүмүүсээр эгнээгээ тэлж, хүчээ зузаатгах байх гэдэг хүлээлт бий болжээ.

Тэр ирж явна. “Үндэсний эвсэл”-тэй улс төрд эргэн ирж явна.

Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу