Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь өнгөрсөн жил Азербайжаны лигт тоглож, мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр энэ жил Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн нэгдүгээр лигийн “Shabab Al Ahli” багт тоглохоор эх орноосоо мордсон билээ.

Б.Батсуурь гэж хэн бэ?

Тэр 1998 оны арваннэгдүгээр сарын 5-нд Өмнөговь аймгийн Булган суманд мэндэлжээ. Түүний аав Баттөр волейболын дасгалжуулагч байсан. Улмаар Б.Батсуурь аавынхаа дугуйланд 10 настайгаасаа явж эхэлсэн байна.

Түүний өндөр нэг метр 90 см. Довтолгооны өндөр 3 метр 40 см, хаалтын өндөр 3 метр 18 см юм. “Эрчим” клубээс тамирчны гараагаа эхэлж байсан тэрбээр энэ жил “Өмнөговь Шанх транс” багт тоглож, Үндэсний дээд лигийн мөнгөн медалийг хүртсэн. Мөн тэр шилдэг довтлогчоор шалгарсан юм.

Хурдтай, тэсрэлттэй довтолгоо, хаалт гүйцэтгэдэг түүний бичлэгүүд цахим сүлжээнд тархаж, Монголын төдийгүй олон улсын волейбол сонирхогчдыг гайхашруулаад байгаа юм.

Түүний халаалт хийх үеэрээ хүчтэй довтолсон бичлэг инстаграмд 31 сая хүнд хүрчээ. Мөн түүний хаалтад үсэрч буй бичлэгийг фэйсбүүкт 3.5 сая удаа үзсэн байна.

Тус бичлэгийг Youtube-д 764 мянган дагагчтай волейболын анализ хийдэг залуу үзэж, “Б.Батсуурийн үсрэлт, техник гайхалтай” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Б.Батсуурь “Central” телевизийн хийсэн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” нэвтрүүлэгт оролцжээ. Тус нэвтрүүлэг ганц биечүүдийн оролцдог Өмнөд Солонгосын “Single’s Inferno” нэвтрүүлэгтэй адил бөгөөд зураг авалтыг өнгөрсөн зун хийсэн байна. Нэвтрүүлэг ирэх гуравдугаар сарын 2-ноос цацагдаж эхлэх аж.

Гадаадад легионер тамирчнаар тоглох хүсэлтэй тухайгаа хоёр жилийн өмнө ярьж явсан тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа эх орноо төлөөлөн гаднын оронд тоглох гэж байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу