Ус цаг уур, орчны шинжилгээний газраас Цаг агаарын одоогийн нөхцөл, цаашдын төлөв байдлын талаар мэдээллээ.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Үүний улмаас 5 аймгийн 22 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 90 суманд цагаан зудын,  18 аймгийн 84 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.2023-2024 оны хүйтний улирлын хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД – аас 1.6 дахин их хур тунадас орсон байна. 2009 – 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь ОЖД-аас 1.4 дахин их орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байна.

Энэ сарын 16-18-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдсан. Үүний дараа ихэнх нутгаар эрс хүйтэрсэн. Энэ хүйтрэлтийн үеэр  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -42…-47 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -32…-38 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-20 градус, бусад нутгаар -22…-28 градус хүйтэн байв.

2024 оны хоёрдугаар сарын 24-нөөс 2024 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14…-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0…-6°С, бусад нутгаар -6…14°С хүйтэн байдаг байна. 2024 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-ын дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн,  бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна. 2024 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу