Аргалын утаа тэнгэрт гогцоорч, хаа нэг ишиг, хурга майлах чимээ чих амраана. Аялгуут сайхан монгол хэлээрээ ардын дуугаа шуранхайлан дуулж, адууны дэлэнд дарцаглаж, айл хунараар орж, таван бууз ходооны мухарт тухлуулж, аагтай халуун цай оочмоор санагдана. Ижий минь малынхаа араас саравчилж, аргал хормойдон ижийнхээ гар болж, хэдүйнэ хөлдсөн Хараа голынхоо мөсийг гарын бяр мэдэн хагалж ижийдээ цайны ус дөхүүлж хөл нь болмоор хүсэл оргилно.

Гэрэл зургийг Д.Хаянхярваа /УИХ-ын гишүүн асан/

Эргэнэг хавиар эргэлдэж ааруул хуруудхан эргүүлсэн бага нас нүдний өмнүүр жирэлзэнэ. Балчир ахуйн гэгээн мөрөөдөл дүүрэн бодол нэрмэлийн охьтой аяганд мэлтэлзэх нь аазтай хөдөлгөнө. Аавын гаансыг нэрж том болох 30 жилийн өмнөх бодол ээрнэ. Бодолд ээрэгдсэн аавын тухай дурсамжууд тогоотой сүүнд хөвнө. Ай, ийм л тансагхан баймаарсан гэж бодогдоно.

Гэрэл зургийг Д.Хаянхярваа /УИХ-ын гишүүн асан/

Хоттой хонь харсан үрс минь халгангүй хэрнээ хайр хүрэм харцаар ширтэнэ. Хэзээ нэг өдөр би хурга болох уу, ишиг болох уу гэсэн гурван настай охины минь асуулт яг таггүй намайг гацаана. Охинд минь эрхлэх гэсэн ишиг энгэр өөд нь асаж айлгаж орхино. Аавын барьсан хуучин өвөлжөө аавтай минь хамт элэгдэж л байна дээ гэх бодол эзэмдэнэ.

Гэрэл зургийг Д.Хаянхярваа /УИХ-ын гишүүн асан/

Оройн жавар хацар хайрна. Гэхдээ л ижийн хайр шиг, аавын сэтгэл шиг цаанаа л нэг халуу оргино. Үдшийн гялаан тэнгэрт ганцаар эргэж, жаргах нарны туяа уулсын оройг гунигтай үнсэнэ.