Засгийн газрын өнөөдөр (2024.03.21)-ийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тодруулбал, хаврын улиралд дотоодын зах зээлд махны үнэ өсөх эрсдэл үүсдэг. Цас зудын нөхцөл байдлаас хамаарч, 50 гаруй мянган тонн мах иргэдийн гар дээр байгаа боловч худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлэх ажил хийгдээгүй, үнэ хямд байна гэсэн гомдол иргэдээс ирж буй.

Тэрбээр энэ талаар элэхдээ “Ченжүүд малчид, иргэдээс үхрийн махыг дээд тал нь 70000 төгрөг, хонины махыг 5000 төгрөгөөр авч байна. Өнөөх нь нийслэлд ирэхээр 20 мянга хүрээд байгаа асуудалд зохицуулалт хийх шаардлага үүсэж байгаа юм. Үүний хүрээнд Засгийн газар гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттой Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж мах бэлтгэлийн компаниуд худалдан авч, Улаанбаатарчуудын хэрэгцээг хангах чиглэлийг энэ оны нэгдүгээр сард өгч байсан. 

Үүний дагуу мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уулзалт зохион байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Улаанбаатар хотын нөөцөд 6000 орчим тонн мах байна.
  • Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2000 орчим тонн үхэр, хонины мах байна.

Тав, зургадугаар сард нийлүүлэлтийг түлхүү нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана.

Цас зудын нөхцөлөөс үүдэн мал тарга, тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа” гэлээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу