Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр (2024.04.15) болж байна. Өнөөдрийн сонсголоор зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хүний эмийн зөвлөл бол Монгол Улсад орж ирж байгаа эмүүдийг бүртгэж авах, хасах болон хөнгөлөлттэй эмийг тогтоох зэрэг шийдвэрүүдийг гаргадаг эрх бүхий албан тушаалтнууд. Энд дандаа Эрүүл мэндийн яамны болон, тус яамны харьяа салбар байгууллагын мэргэжлийн хүмүүс бий.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт боловсруулах журам, арга зүй, аргачлал байхгүй гэсэн байна. Хүний эмийн зөвлөл ер нь юу хийдэг юм бэ.

Аргачлал журамгүйгээр, дураараа хуралдаад шийдвэр гаргадаг юм уу.

Хүний хэрэглэх эмийг тогтоохдоо ямар нэгэн эмнэлзүйн дүгнэлтгүйгээр, судалгаа нотолгоонд суурилалгүйгээр шийдвэр гаргаад сууж байдаг юм уу. 

                   

Хоёрдугаарт, Хүний эмийн зөвлөл Монгол Улсад бүртгэлгүй 133 эмийг зайлшгүй шаардлагатай эмээр бүртгэж авсан байна. Энэ ямар учиртай шийдвэр вэ.

Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн гаргаж байгаа шийдвэр өөрөө Монгол Улсад хууль бус, чанаргүй эм оруулж ирэх үүд хаалгыг нээж байгаа гэсэн үг үү. Үүнийг огт ойлгохгүй байна. 

                   

2017 онд Хүний эмийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат: Таны хэлж буй 133 эмийн асуудал 10-р жагсаалтад багтсан. Үүний бүртгэлийг н.Нарантуяа дарга хариуцаж байсан. 

2022 онд Эмийн агентлагийн даргаар ажиллаж байсан н.Нарантуяа: 10-р жагсаалт бусдаасаа онцлогтой. Учир нь эл жагсаалтыг боловсруулахдаа Эмийн агентлаг анх удаа Ажлын хэсэг баталж, гаргасан. Ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлөөс, төрийн бус байгууллагаас, ЭМДЕГ-аас гэх мэтээр олон талын оролцоог хангаж байгуулсан. Бид ДЭМБ-ын 2020 оны удирдамжийн дагуу шалгуур тавьж ажилласан. Хов хоосон биш. Тодорхой хэмжээний удирдамж, зөвлөмж дээр тулгуурлаж, жагсаалтаа гаргасан. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу