Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ барилгын нээлтийн ёслол Даваа гарагт боллоо. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлууд, эрдэмтэн мэргэд, зохиолч, уншигч, олон нийтийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө. Эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг иргэдэд уриаллаа.

Нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.  

Монгол Улсын Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо: “Энэ бол номын санчдын маань хүрсэн хамгийн сайн өндөрлөг, хамгийн том баяр байлаа”
-Хуучин номын сангийн барилга маань тусгай хэрэгцээт иргэдийн зам талбайнаас эхлээд нэлээд асуудалтай байсан. Шинэ байранд орсноор бүх асуудлаа шийдэж чадлаа.
Орчин үеийн дэлхийн номын сангийн чанар стандартад нийцэх гэж хичээсэн, түүнд дөхүүлсэн, түүний төлөө зүтгэсэн үйл хэрэг бүтэж сайхан номын сан нээж байна. 1951 онд баригдсан анхны төв номын сангийн барилгаас хойш энэхүү барилгыг хүлээж авснаар бид дэлхий рүү дахин нэг алхам урагшиллаа.
Энэ бол номын санчдын маань хүрсэн хамгийн сайн өндөрлөг, хамгийн том баяр байлаа. Хуучин байранд шинээр авсан номууд маань багтахгүй нэлээд л асуудал үүсдэг байлаа.
Номын нээлтийн тухай ганцхан л зар оруултал өнөөдөр маш олон зохиогч, бүтээлчид ирсэн байна. Бүгд өөр өөрсдийн ном оо бэлэглэж байна. Мөн хуучны ном судар, барын гар бичмэлүүдтэй үлдсэн хуучин байр маань Дэлхийн Монгол Судлалын төв номын сан болж цааш хөгжих юм.
Монгол Улсын Ардын Уран зохиолч Т.Галсан: “Ном бол зүрх баясгаж, тархи гэгээрүүлдэг хоёр дахь нар юм”
-Өнгөрсөн хугацаанд нэг хэсэг юмтай боллоо, энэ бол нэг хэсэг ходоод баясгадаг зүйл. Одоо харин номтой боллоо, энэ бол зүрх баясгаж, тархи гэгээрүүлдэг хоёр дахь нар юм. Тэнгэрийн нар ертөнцийг гаднаас нь гийгүүлж, дулаахан болгоно. Хавтгай хэлбэртэй хүний бүтээсэн ном болохоор тархийг цэнэглэж, зүрхийг гэрэлтүүлж, эрдэмт хүний төрөлд шилжүүлдэг буянтай эд.
Миний Монгол Улс бууран доройтож байна уу, мандан сэргэж байна уу гэдгийг энэхүү номын сангийн шилтгээн ашиглалтад орсноос харж болно. Би 1956 онд энэ номын сангийн уншигч явлаа. Энэ хугацаанд их зүйл үзлээ. Миний санахад, Үндэсний номын сан бол анхнаасаа дэлхийн хэмжээний номын сан байсан.
Хоёр бөхтэй тэмээний нуруун дээр гунхан гунхан явдаг атлаа суурин иргэншлийн хадгалж чадаагүй ном судрыг монголчууд аваад үлдсэн байдаг юм. Ямар вэ дээ. Аугаа их Энэтхэг гүрэн манайхаас Ганжуур, Данжуурын бүрэн эхийг залж байх жишээтэй.
Эрдэмт хүн бол номын санд л бий. Харин хүн сүрэг бол зах руу, өөр зүйл рүү шавж байдаг. Тиймээс үр хүүхдээ дэлхийн түвшний соёлтой, Чингис богд шиг зүрхэндээ эх орон, ард түмнээ хайрладаг болгоход энэхүү номын сан ээдээ мөн их хэрэг болно доо.
Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч  Х.Чилаажав: “Бичиг, соёлын дурсгалаа хадгалж үлдсэн ард түмэн удаан оршин тогтнодог”
-Энэхүү номын сангийн захирлаар ажиллаж байх үед энэхүү үйл хэрэгт оролцож явсан. Тэрхүү ажил маань өнөөдөр биеллээ олж олон түмэнд өндөр үүдээ нээж байгаад баяртай байна. Монголын номд хайртай, номын төлөө санаа зовж явдаг, ном бүтээдэг бүх хүмүүсийн нэгэн мөрөөдөл биелж байна гэж харж байна.
Эртний их түүхтэй манай улсын хувьд Үндэсний номын санг онцгой анхаарах ёстой. Энэ бол тусгаар тогтнолын хамгийн том баталгаа. Бичиг үсэг соёлын дурсгалаа хамгаалж чадсан ард түмэн илүү урт удаан оршин тогтнодог гэж зохиолч хүнийхээ хувьд бодож явдаг юм. Зөвхөн өнөөдрийн шинэ байрны нээлтээр зогсохгүй ард түмэнд сайшаагдсан үйлчилгээтэй олон шинэлэг салбаруудыг нээх ёстой гэж бодож явдаг юм.
Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар: “Номын сан бол тухайн улс орны уураг тархи юм”
-Эзэн богд Чингис хаан хэлсэн байдаг. Улсыг морин дээрээс байгуулахад амархан. Мориноосоо буугаад улсыг тохинуулах хэцүү гэж. Мориноосоо буугаад улсыг тохинуулах гэдэг бол эрдэм мэдлэг.  Монголчууд сүүлийн гучин жил өнөө маргаашийн хоолны төлөө зүтгэлээ шүү дээ.
Өнөөдрөөс эхлээд оюун тархиар, гэгээрлээр түмэн олныг удирдана гэдэг бол засаг төрийн бодлогын илрэл. Олон сайхан музей байгуулж, шинэчиллээ. Энэ бүгдийг дурдвал сүүлийн гурав, дөрвөн жил манай улсад гялайх, гялтайх барилгууд сүндэрлэн босож байна. Тэдгээрийн нэг нь энэхүү Төв номын сангийн барилга юм.
Номын сан гэдэг бол аливаа улс орны уураг тархи нь байдаг. Өнгөрсөн болоод өнөөдөр маргаашийн алтан залгамжийг гагнаж байдаг төв байгууллага.  Монголчууд маань тархиндаа гэгээ татуулах гэж ирж байна гэдэг, ирэхэд нь ийм тааламжтай орчин угтана гэдэг бол хамгийн сайхан зүйл гэж харж байна.
Өнгөрсөн цаг, одоо цагийн тэргүүнд оюун л байж ирсэн. Оюуныг хамгийн өндөр чадамжтай, бэлтгэлтэй байлгаж ирсэн зүйл бол ном юм. Номгүйгээр дэлхийг өөрчилсөн, номгүйгээр амьдралаа өөрчилсөн түүх хэзээ ч байхгүй. Тиймээс амьдралаа  өөрчлөхийг хүсвэл, улс орноо өөрчлөхийг хүсвэл номд л ойрхон байх хэрэгтэй. Энэхүү номын өргөөндөө түм түмээрээ цугларч байхын ерөөлийг өргөж байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Хүүхэд залуус номд шимтэх болсон нь сайшаалтай”

“Сэтгэгдэл их өндөр байна. Болох ёстой зүйл болох ёстой цагтаа л болж буй хэрэг байх. Нэг хэсэг монголчууд номоос жаахан хөндийрч байсан бол одоо эргээд хүүхэд залуус номд шимтэх болсон нь сайшаалтай.

Би сонсохдоо анхны ном 5500 жилийн өмнө муутуу цаасанд бичигдэн үлдсэн байдаг. Ийм урт удаан түүхтэй номын ертөнцөөр аялах боломж өмнө нь нээлттэй байсан одоо улам илүү хөгжиж, тохь тухтай болж байна. Хүүхдүүд, залуучууд, хэн бүхэн энэхүү сайхан өргөөгөөр өдөр бүр зочилж тэнгэр мэт агуу номын ертөнцөд шимтээсэй гэж хүсэж байна.

Үндэсний номын сан шинэ салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна.
Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал зөвлөгөөний болон үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхим зэрэг бүтээлч орон зайн шийдэлтэй.
Монгол Улсын Үндэсний Номын Сан сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй Салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн 3.0 сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Төв байр /хуучин барилга/-ндаа Дэлхийн Монгол Судлалын Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу