УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.04.13) хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр “Монгол Улсад 4,232 төрийн байгууллага байдгаас 567 нь дэргэдээ ёс зүйн зөвлөлтэй ажиллаж байгаа юм байна. Саяхан хийсэн Төрийн албаны зөвлөлийн даргын тайлангаас харахад 225 мянган алба хаагчдаас тайлант хугацаанд 415 алба хаагч ёс зүйн алдаа гаргаж, үүнд нь хариуцлага хүлээлгэсэн гэдэг ийм дүнг сонслоо. Энэ 415 алба хаагчид ёс зүйн хариуцлага тооцож, энэ мэтээр алдаа гаргасан хүмүүст хариуцлага хүлээлгэснээр иргэдийн бухимдал арилж, төрд итгэх итгэл нь нэмэгдэх үү гэдэг асуудал байгаа юм.

Жинхэнэ ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдад бүгдийг нялзаагаад төрийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагын асуудал гэж ярихаас илүү төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ сахилга хариуцлагын асуудал яагаад ийм болтлоо доройтсон учрыг үндсээр нь авч үзэх шаардлагатай.

Олон нийтийн бухимдал, төрийн нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл буурсан үндсэн шалтгаан бол бодлого боловсрулагчид мэдээлэлд ойр байж, иргэдийн боломжийг булааж байгаатай шууд холбоотой. Мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд үргэлж иргэдийн боломжийг хүртэж ирсэн гэдэг нь Хөгжлийн банкны нээлттэй сонсголоос маш тодорхой харагдсан. Ер нь хатуухан хэлэхэд бид өнөөдөр улсаараа дүүрэн авилгад идэгдсэн дүр зурагтай сууж байна. 

Төрийн албан хаагчдын ёс зүйн тусгал нь УИХ-ын гишүүд, сайд дарга нар учраас бид өөрсдөөсөө эхэлж, манлайлал үзүүлэх ёстой.  Хуулийн үндсэн үзэл санаанд ч ийм зүйл ёстой. Ингэж байж л энэ хуулийн төслийн үр дүн гарах итгэл үнэмшил үүснэ” гэлээ. \

Видеог ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу