Улсын онцгой комиссоос Дорнод аймаг руу долоон хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг нисгэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, Өчигдөр буюу тавдугаар сарын 01-ний өдрийн 11:12 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага бүртгэгджээ.

Улмаар Зүүн бүсийн гал унтраах аврах анги, хилийн цэргийн нийт 217 хүн, 27 автомашинтайгаар түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж эхэлсэн байна.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртөөд буй аж. Мөн түймрийг унтраах явцад Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч түлэгдсэн гэх мэдээллийг өгөөд байна.
Тиймээс Шадар сайдын шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ, ГССҮТ-ийн ажилтнууд өнөөдөр нислээ.
Мөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 25 гэрийг хүргүүлэхээр шийдвэрлээд байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу