Чөлөөт бөхийн холбооны шударга бус шийдвэр, үйл ажиллагааны талаар тамирчид өнөөдөр  (2023.06.08) мэдээлэл хийлээ.
Тамирчид “Тэмцээний зардал мөнгө, бэлтгэл сургуулилтын талаар дэмждэггүй юмаа гэхэд тэмцээн уралдаанд оролцсон шагнал урамшууллыг олгодог баймаар байна. Саяхан дэлхийн аваргаас медальтай ирэхэд шагналын мөнгийг дэлхийн чөлөөт бөхийн холбооны өрөнд суутгуулсан гэсэн хариу өгсөн” тухай онцолж байлаа.
Мөн үргэлжлүүлэн, “Өсвөр, залуучуудын шагнал урамшууллыг өгдөггүй. Өгөхөө болиод бүр удаж байна. Өнгөрсөн жил Азийн аваргын тэмцээнийг эх орондоо зохиосон. Үүний зардал, зохион байгуулалтын задаргаа мэдээлэл одоо болтол байдаггүй. Өмнөх холбооны тавьсан өрийг хараад шинэ удирдлага ирдэггүй зугтдаг гэж хэлж болно. Маш ойлгомжгүй, нээлттэй биш үйл ажиллагаа явсаар л байна” гэлээ.
“Дэлхийн аваргынхаа замын зардлыг хүнээс гуйж байна шүү дээ. Яахав, нэрэмжит тэмцээнд өөрийнхөө зардлаар явж болно. Гэхдээ л сүүлийн үед нутаг орон, таньдаг хүнээсээ зардал гуйх нь  хэвийн  үзэгдэл боллоо. Ядаж байхад тэмцээний хуваарь нь дэлхийн холбооны тэмцээнтэй огт уялддаггүй. Арай гэж нэгийг дуусгахаар нөгөөхтэй нь давхарддаг” зэрэг асуудлууд тулгардаг талаар ярилаа
Мөн “Чөлөөт бөхийн холбоонд шинэчлэл хэрэгтэй, асуудал шийдэх хэмжээнд тамирчдын санал хүсэлтийг авч хэлэлцдэггүй. Дуугүй л бэлтгэлээ хий гэдэг. Өчнөөн өөрийгөө харууллаа, шалгууллаа. Хангалттай раанк үзүүллээ. Сүүлдээ тэмцээнээс ирээд амарж ч амжихгүй ахин тэмцээнд орж байна.”
 
Энэ жил олимпын эрх авах чухал жил. Гэтэл эрх авах тэмцээний өмнө сорил гэж зүйл гаргаж ирээд тамирчдын уур амьсгалыг эвдэх хэрэггүй. Тогтолцоог шинэчлэх хэрэгтэй байна. Ядаж оны өмнө төлөвлөгөө гаргаад тэмцээн уралдаанаа, сорил бэлтгэлтэйгээ зөрүүлж төлөвлөдөг баймаар байна. Энэ бүхэн хоорондоо авцалдахгүй байна. Гэнэт гэнэт шийдвэр гараад, гэнэт л тэмцээн гараад ирдэг. Тамирчдаа бодсон шийдвэр гаргахгүй байна аа.  Өчигдөр холбооны ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй учраас хэвлэлийн хурал хийж байна. Тамирчдаа боддоггүй шийдвэрээс болж хохирч байна” гэдгийг онцоллоо. Тэд холбогдох хүмүүс энэхүү асуудлыг анхаарч, яаралтай хариу өгөхийг хүссэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу