“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн, худалдаа (2023.06.26) Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр ноос, ноолууран бүтээгдэхүүн болон гар урлал, сийлбэрийн бүтээлүүд тавигджээ.

Үзэсгэлэнгийн асрууд талбайн ногоон зүлэг тойрон байрласан бөгөөд зүүн урд захад олны анхаарлыг ихэд татсан, бусдаасаа арай өөр нэгэн үзвэр байсан юм. “Маша, баавгай хоёр” “Хэрэм”, “Шонхор шувуу”, “Зараа”, “Шар шувуу” гэх мэт үлгэрийн баатар, ан амьтад асрын хажууд замын түгжрэл тийш харан байрлажээ. Тэд түлээний модоор урласан гадна талбайн хөшөө чимэглэл бөгөөд сийлбэрчин гэр бүлийн бүтээл аж.

Сийлбэрчин Х.Солонго гэр бүлийн хүний хамтаар мэргэжлийн мөсөн баримал, хөшөө урладаг бөгөөд эх орондоо ирж, модон бүтээл хийж эхлээд гурван жил болжээ. Хотод зөвшөөрлийн дагуу орж ирдэг “гоожин” буюу түлээний модыг ашиглан сандал ширээ, гадна тохижилтын баримал зэргийг урладаг байна. Тэрбээр сонирхлоо хөгжүүлэн мөсөн хөшөө, баримлын олон улсын уралдаан тэмцээнд олон оролцсон бөгөөд нийслэл хотынхоо өнгө үзэмж, айл бүрийн хашаанд чимэг нэмэх энэхүү ажилдаа сэтгэл ханамж өндөр явдгаа ярилаа.

Х.Солонго: -Тоглоомын талбай болон гадна талбайн тохижилтод иргэд маань хуванцар тоглоом, шавар баримал ихээр хэрэглэдэг. Тэдгээр нь байгалийн наранд гандах, хэврэгших, мөн цаашлаад эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй тусдаг. Тиймээс нөхөр бид хоёр хөл хорионы үеэс эхлэн энэхүү санаагаа бодит болгон хөгжүүлж байна.

Модон баримлын хувьд гараар нарийн хийдэг сийлбэрээс хавьгүй хялбар хурдан хугацаанд бүтдэгээрээ онцлог. Мөн байгалийн модоор хийдэг учир загвар дизайны хувьд ч хамаагүй бодит сайхан харагддаг юм. Ёстой л шатаачихгүй л бол хэдэн ч жил өнгө чанараа алдлахгүй байх боломжтой.

Нөхөр маань мужаан мэргэжилтэй. Тийм учраас санаа гаргаад, бүтээл болгоход их дөхөм байдаг. Хоёулаа сонирхол нэгтэй учраас юуг яаж хийвэл гоё болох вэ гээд байнга ярилцдаг даа. Бие биедээ урам өгч, дэмжиж, засаж залруулж явсаар өнөөдрийн амьдралаа бүтээсэн болохоор сэтгэл хангалуун явдаг юм” хэмээн ярилаа.

Тэдний хийсэн бүтээл өдөртөө, бүр газар дээрээ ч зарагдах тохиолдол их гэнэ. Зун цаг ирэхэд хүмүүс зуслангийн хашаандаа тавихаар их сонирхдог бөгөөд хүссэн загвараараа хийлгэдэг нь тааламжтай байдаг аж. Дотооддоо бүтээж буй уг бүтээлийг голох нэгэн нь “Үнэтэй байна” гэдэг гэнэ. Харин тэрбээр чанар болоод өнгө үзэмжийн хувьд хятад хуванцраас хамаагүй илүү учраас санаа зовох юмгүй бүтээлээ сурталчилдаг тухайгаа хэлж байлаа.

Ийн ярилцах зуур иргэд сонирхон бүчиж, зарим нэг нь загвараа гарган захиалахаар болж байв. Төв талбайд цөөн удаа зохиогддог жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэнд тухалж үзвэл асар бүрт эх орны бүтээгдэхүүн дэлгэгддэг. Тэд цөм хөдөлмөр, хичээнгүй чанарын үр дүнд бий болсон бүтээл бөгөөд эх орны хөгжилд хувь нэмэр оруулахаар зүтгэж буй “баялаг бүтээгчид юм”.

Цаашлаад Монгол орны ургамлаас гарган авсан эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний нэрийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, арьс, шир, суран эдлэл зэрэг маш олон бүтээл бий. Энэхүү үзэсгэлэн зургадугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд үргэлжилнэ.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу