-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ, ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР АУДИТЫН СӨРӨГ ДҮГНЭЛТ УДАА ДАРАА АВСАН НЭМГ-ЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖДОО ХАРИУЦЛАГА ТООЦНО УУ-

Б.Бямбадорж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод хоёр жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн эрүүл мэндийн газраар хүссэнээрээ тоглож, хүссэн хүнээ ажлаас халж, хүссэн хүнээ ажилд томилж дунд чөмгөөрөө жиргэж ирлээ. Б.Бямбадорж Цар тахлын хуулиар ямар ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон байдаг. Гэвч уг хуулийн үйлчлэл дуусаж хэд хэдэн яамны Дэд сайд, ТБНД, агентлаг, газрын дарга нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт хийгдээд явж байна. Гэвч Б.Бямбадорж чөлөөлөгдсөнгүй.

Задарсан Б.Бямбадорж харьяа газрын дарга нартаа дарамт, шахалт үзүүлж Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Б.Дөлгөөнийг, түүнийг оронд өөрөө томилсон Бат-Ирээдүйг, Нийслэлийн Энэрэл эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир, түүний оронд томилсон Болдыг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагвыг, Хүүхдийн сэргээн засах Хан Туул төвийн дарга Н.Амгаланбаатар, Хүүхдийн сэргээн засах Бяцхан тэмүүлэл сувиллын дарга, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал, Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга М.Цогтгэрэл, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, Хонхорын Эрүүл мэндийн төвийн дарга, НТТТ-ийн дарга Ц.Пүрэвдаш, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Болормаа, НӨАГ-ын даргыг тус тус ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ийм л дураараа нөхөр хоёр жил НЭМГ-ыг самарч ирсэн гээд бодоход туршлагатай, чадалтай, мэдлэгтэй салбарын хүмүүсийг гудамжинд гаргасан байгаа юм. Тэдний оронд “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэдэг шиг томилгоонууд явсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Харьяа газрын одоогийн дарга нараа хүртэл тодорхой “нөхцөл” тавин шахаад эхэлсэн байна. 

Б.Бямбадорж дарга нарыг ажлаас чөлөөлөх зуураа Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс 2021 онд 29, 2022 онд 23 хүнийг ажлаас чөлөөлж эрх мэдлээ хэрэгжүүлсэн байгаа юм. Уг нь Нийслэлийн эрүүл мэндийн газар 51 хүний бүрэлдэхүүнтэй ч ингэж л томилгоог дураараа хийж ирэв. Ажил албан тушаалд дуртай, эрх мэдэлд дурхтай, өнгө мөнгөнд дуртай ямар ч хүнээс ийм дээрэнгүй халах авир гарахгүй дээ. Салбар нь бүхэлдээ биш юм гэхэд нийслэлд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн асуудлыг тэр нэг гараараа шийдэж байгаа юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн “39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх;” заалтыг зөрчсөн гэж харж болохоор байна. Ажлаас халагдсан, газрын даргынхаа дарамт, шахалтаар дийлэнх хүмүүс ажлаа өгсөн болохыг эх сурвалж баталгаажуулсан юм.

Тэдний хэлж буйгаар Б.Бямбадорж Хотын дарга Д.Сумъяабазартай нэг нутаг ус хэмээн даналзаж, хэн ч яаж ч чадахгүй хэмээн томордог гэнэ. Б.Бямбадоржийн даргын хэнээ үүгээр дуусахгүй. Үргэлжлүүлээд шуналын хэнээ орж ирнэ.

Б.Бямбадорж телемедцин байгуулах нэрээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээ эрчимжүүлэх тухай” А/722 дугаар захирамжаар Телемедциний үйлчилгээг шинээр зохион байгуулан ажиллуулах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг ДБА ХХК-тай байгуулсан байдаг.

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой гэрээ байгуулж, Аудитад бүдэрсэн ДБА ХХК

Гэрээт ажлын хүрээнд ДБА ХХК руу 300 орчим сая төгрөг шилжүүлсэн. Гэвч Хан-Уул дүүрэгт байрлах телемедцин ажиллаж эхлээгүй байхад нь мөнгөө зарцуулсан  баримт бүрдүүлсэн байсныг нь Нийслэлийн дотоод аудитын улсын байцаагчийн 2022.09.21 өдрийн 38/03-43 дугаартай Үр ашиггүй зарцуулсан мөнгийг төлүүлэх акт тавьсан байдаг.

Хамгийн ноцтой нь уг актад “Эрүүл мэндийн тусламжийн зөвлөгөө цахимаар хүргэх операторын урамшууллыг нэг ээлжинд 23 хүн 3 ээлж нийт 69 операторт сард 420,000.00 төгрөгөөр 4 сар нийт 115,920,000.00 төгрөг, тандалтын машинтай хамт өвчтөнд тусламж үзүүлэх ажилтны урамшууллыг 60 ажилтанд сард хүн тус бүр 420,000.00 төгрөгөөр 4 сар нийт 100,800,000.00 төгрөг байхаар тус тус тооцоолж, тусгасан байна. ДБА ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гурван сарын хугацаанд нийт 35 операторт 14,700,000.00 төгрөгийн, машинтай тусламж үзүүлэх 39 ажилтанд 16,380,000.00 төгрөгийн нийт 31,080,000.00 төгрөгийн урамшуулал олгох ёстой байна. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, ахлах нягтлан бодогч нар нар нь 216,720,000.00 төгрөгийг олгож, нийт 185,640,000.00 төгрөгийг илүү шилжүүлж, төсвийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрлээ” гэсэн байгаа юм. Тиймээс илүү олгосон 185,640,000.00 төгрөгийг төсвийн орлого болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Тэгвэл ДБА ХХК дээр  2022.09.21 өдрийн 38/03-42 дугаартай Үр ашиггүй зарцуулсан мөнгийг эргүүлэн төлүүлэх акт мөн тавигдсан байна.

“…Гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар 22,995.7 литр шатахууныг нэгж үнэ 2,070.00 төгрөг, нийт 89,111,700.00 төгрөг байхаар тооцоолж тусгасан байна.

ДБА ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гурван сарын хугацаанд нийт 1,859,963.81 төгрөгийн шатахууныг дээрх үйл ажиллагаанд зарцуулснаар тайлагнасан байна. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, ахлах нягтлан бодог нар нь нийт 89,111,700.00 төгрөгийг шилжүүлж үр ашиггүй зардал гаргасан зөрчил илэрсэн байна” гэсэн байгаа юм. Нийслэлийн дотоод аудитын улсын байцаагчийн дүгнэлтээр илүү төлөгдсөн 87,251,736.19 төгрөгийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, ахлах нягтлан бодогч О.Золзаяа нараар төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байгаа юм.

Үүнээс үзэхэд Б.Бямбадорж дарга Төрийн албаны тухай хуулийн “37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;” заалтыг зөрчсөн байгаа юм.

Улс даяараа цар тахлыг даван туулах гэж албан байгууллагууд цомхотгол хийж, иргэд нь гэртээ идэх хоолгүй шахам бүсээ чангалж байх үед НЭМГ-ын дарга Б.Бямбадорж төсвийн мөнгө уйлдаггүй гэдэгчлэн ийнхүү баруун солгойгүй цацсан нь тогтоогдсон байгаа юм.

Телемедциний асуудал ингээд зогсохгүй. Баянзүрх дүүрэгт мөн ийм төв байгуулна хэмээн өөрийн зөвлөх Туяахишигийн Баярсайханы хамаарал бүхий хүний байрыг нэг сарын 20 сая төгрөгөөр түрээслэхээр гэрээгээ хэдийнэ байгуулсан нь яав ч шударга зүйл биш. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн биш хууль засагладаг болно” гэж хэдэнтээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн хулгай луйврын эсрэг хэлбэрэлтгүй зогсож, хулгай дээрмийн асуудалд нам харгалзахгүй хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа энэ үед дунд шатандаа ийнхүү завхруулах зүйлс явж байгааг таслан зогсоох хэрэгтэй байна. НЭМГ-аас удахгүй Телемедциний тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлах гэж байгааг эх сурвалжууд хэлж байна. Харин уг тендерийн эзэд нь хэдийн тодорсон гэдгийг ч хэлж байгаа юм. Ийм ашиг сонирхлоос л төрийн албанд байгаа хүмүүс салах хэрэгтэй.

НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж Т.Баярсайханыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б/46 тоот тушаалаар Санхүү, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон байдаг. Зөвлөхийн цалинг 1.050.000 төгрөг байхаар тогтоосон байна. Цар тахлын хуультай зэрэгцэн, Төрийн хэмнэлтийн хууль орон даяар хэрэгжсэн. Энэ хүрээнд Агентлаг, газар, хэлтсийн дэд захирал, дарга нарыг чөлөөлж байхад нөхөр Б.Бямбадорж харин өөртөө зөвлөхийн орон тоо баталж, цалин хөлстэй нь тушаал гаргаж байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн болох нь харагдана. 

Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хаягласан Аудитын санал дүгнэлтийг 2022.03.15-ний өдөр хүргүүлсэн байдаг. Уг дүгнэлтэд үндсэн хөрөнгийн болон бараа материалын үлдэгдэлд тооллого хийж хүлээлцдэггүй, тайлант оны эцэст хөрөнгийн үлдэгдэл баталгаажуулаагүй, тооцоо бодоогүй, өмч хамгааллын тухай хурлын тэмдэглэл байхгүй, Е баримтын бүрдлийг хангаагүй, нотлох баримтгүй, хөрөнгө оруулалтаар хийгдсэн үндсэн хөрөнгө, санхүүжилт өгсөн, авсан тооцоо нийлсэн акт байхгүй гэхчилэн зөрчил илэрсэн байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатаас НЭМГ-ын даргад Сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг 2022.04.25-ны өдөр өгсөн байдаг. Учир нь 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар зөрчлүүдийг илрүүлснээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ТНБД Ц.Эрдэмбилэг нарт даалгасан байгаа юм.

Ийм дээрэнгүй, ийм булай дарга Нийслэлийн эрүүл мэндийн газрыг хувийн компани шигээ ашиглаж, амны цаас шиг үзэж байна. Ийм байхад энэ хотод эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг хэцүү еэ. Ямартай ч Төрийн аудитын шалгалтад удаа дараа бүдэрдэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж томилгоо хийдэг, хэн нэгэнд давуу байдал олгодог ийм даргатай байхад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар “Бид Өвөрхангайнх” гээд хамгаалаад, хаацайлаад суухгүй байлгүй гэдэгт итгэж байна.

Б.Бямбадоржийн томилсон НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ц.Ундрал нь хамт олноо элдэв бусаар хэлж, зүхэж, ажлын байран дээрээ ажлын цагаар лам авч ирэн хараал хийлгэнэ хэмээн лам авч ирэн “Бузраа арилгацгаа” хэмээн өрөө дамжин явж байсан гээд бодохоор энэ газар юу болоод байгааг бурхан ч ойлгох аргагүй болж байгаа мэт. НЭМГ-ын ажилтнууд ажлын байрны дарамт, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөн цаашид ажиллах боломжгүй боллоо хэмээн уур цухлаа баран сууна.

Энэ удаа Б.Бямбадорж даргын хариуцсан ажилдаа хэрхэн эзэн болж явсныг харууллаа. Дараагийн цувралаараа түүний Шинонмед эмнэлэг болон хамаарал бүхий этгээдүүдийн цар тахлын үеийн төсвийн мөнгөнөөс хүртсэн тухай нийтлэх болно. 

Э.БОЛД

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…